Улаанбаатарт src: url('/news/css/fonts/gogo.eot?') format('eot'), url('/news/css/fonts/gogo.ttf') format('truetype'), url('/news/css/fonts/gogo.otf') format('opentype'); хэмийн дулаан байна.

Л.Бямбасүрэн: Нисэхийн сургуулийг заавал ИНЕГ байгуулна гэхгүй, хувийн хэвшлийнхэн хийж болно


2018 оны 09 сарын 13

 -НЭГ НИСГЭГЧИЙГ ОЙРОЛЦООГООР 100 ГАРУЙ МЯНГАН 

АМ.ДОЛЛАРААР БЭЛТГЭДЭГ-

Төв аймгийн Сэргэлэн сумын “Хөшигийн хөндий”-д баригдаж буй шинэ нисэх буудал ашиглалтад ороход тэр үед хуучин нисэх буудлын барилга, аэрдромыг цаашид хэрхэн ашиглах талаар хэд хэдэн судалгаа төслүүд хийгджээ. Энэ талаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Энэ жилээс ИНЕГ-аас дотооддоо нисэхийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг гардуулдаг болсон. Ингэснээр дотоодын боловсон хүчнээ бэлтгэх суурийг тавьж байна гэсэн үг үү?

-Тийм. ИНЕГ гадаадад өөрийн боловсон хүчнээ бэлддэг. Бид нэр хүндтэй нисэхийн сургуульд тэнцчихсэн англи хэлний нэмэлт сургалтад хамрагдах шаардлагагүй оюутнуудад тэтгэлэг өгөх зарчмаар иргэний нисэхийн салбарт хэрэгтэй байгаа боловсон хүчнээ бэлддэг. Сүүлийн үед дотоодын их, дээд сургуулиуд иргэний нисэхийн боловсон хүчнийг бэлтгэж эхэлж байна. Үүнээс хамгийн их туршлагатай  Инженер механикийн сургууль. Энэ сургууль онгоцны техник, авианик гэсэн хоёр чиглэлээр Монголд боловсон хүчин бэлтгэж байна. Эх орондоо дээрх чиглэлээр суралцаж төгссөн хүмүүс МИАТ компанийн агаар хөлгийн засвар үйлчилгээний газарт ажиллахаас гадна “Хүннү Эйр”, “Aero Mongolia” компаниудад инженер механик хийж байна. Тэгэхээр гадаадад өндөр өртөгтэй бэлтгэдэг мэргэжилтнүүдийг Монгол Улсад бэлтгэж байхад нь ИНЕГ тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэх нь зүйн хэрэг. Энэ жил нийгмийн идэвх санаачилга өндөртэй, онц сурдаг гурван оюутанд тэтгэлэг өгсөн.

-Манай улс иргэний нисэхийн салбарт ажиллаж буй боловсон хүчнийхээ хэдэн хувийг гадаадад бэлтгэдэг вэ?

-Нисэхийн боловсон хүчин, газрын инженерүүд, газрын үйл ажиллагааны мэргэжилтэн, нисэх буудлын мэргэжилтэн, агаарын зохицуулагч нар, нислэг хөдөлгөөний удирдагч гэсэн мэргэжлүүдийг 1970-1980 оны үеүдэд Зөвлөлт холбоот улсад бэлтгэдэг байсан. Нислэгийн удирдагч нарыг Тайланд улсад бэлтгэсэн. Одоо ИНЕГ-ын зардлаар 60 гаруй оюутан АНУ, Канад, Австрали, БНХАУ, БНСУ гэсэн улсуудад бэлтгэгдэж байна. Өөрөөр хэлбэл иргэний нисэхийн салбарт шаардлагатай боловсон хүчнүүдийг дэлхийд нэр хүндтэй сургуулиудад бэлтгэдэг.

byambasuren

-ХЯТАД УЛСАД ОЙРЫН 10 ЖИЛД 200-300 МЯНГАН НИСГЭГЧ 
ШААРДЛАГАТАЙ БАЙГАА-

-“Хөшгийн хөндий”-д баригдсан шинэ нисэх буудал ашиглалтад орохоор одоо ашиглаж буй онгоцны буудлыг Нисэхийн сургууль болгохоор төлөвлөж байгаа гэл үү?

-“Хөшигийн хөндий”-н шинэ нисэх буудал ашиглалтад орохоор “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг цаашид хэрхэн ашиглах талаар судалгаа төслүүд хийгдсэн. Ингэхдээ агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар, аялал жуулчлалын цогцолбор, төрийн захиргааны байгууллагууд ажиллах бололцоо, нисэхийн сургууль, орон нутгийн нисэх буудал гээд олон янзаар судалж үзсэн. Ази, номхон далайн орнуудад агаарын тээвэр хамгийн өндөр хөгжилтэй, дэлхийн хамгийн эрэлт ихтэй хэсэг. Энэ салбарт ялангуяа манай урд хөрш БНХАУ агаарын тээврийн хамгийн том тоглогч. Жишээлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр жилд 110 мянган нислэг өнгөрдөг. Харин Хятад улс өдөрт 15 мянган нислэг хийдэг. Зөвхөн 10 өдрийн нислэгээрээ Монгол Улсын бүтэн нэг жилийн өнгөрөлтийн нислэгээс илүү гардаг. Агаарын тээвэр хөгжсөн, өндөр тоглогчийн хажууд хөрш зэргэлдээ амьдардаг манай улс нисэхийн сургалтын бааз байгуулах нь ашигтай. Хятад улсын агаарын зай нь маш их ачаалалтай. Энэ улсад ойрын 10 жилд 200-300 мянган нисгэгч шаардлагатай байгаа. Гэтэл хятадад нисгэгчээр сурч буй залуучууд нь онолын хичээлээ танхимд сууж үзчихээд практик буюу нисэх дадлага хийх гэхээр бэрхшээл үүсдэг. Яагаад гэвэл Хятад улсын агаарын зай маш өндөр ачаалалтай. Тиймээс нисэхийн сургууль өндөр хөгжсөн Канад, АНУ гэсэн улсуудад очиж нисэхийн дадлага хийх болдог. Гэвч визний асуудал нь хүндрэлтэй байдаг. Нэг нисгэгчийг ойролцоогоор 100 гаруй мянган ам.доллараар бэлтгэдэг. Ийм том зах зээлийн дэргэд хуучин нисэх буудлаа ашиглан олон улсын туршлагатай нисэхийн сургуультай хамтран дотооддоо нисэхийн дадлага хийдэг сургалтын бааз байгуулвал Монгол Улсын төсөвт тодорхой хэмжээгээр орлого орох бололцоо бий болно. Олон улсын зорчигчтой нисэх онгоцонд бэлтгэгдэж буй нисгэгч доод тал нь 500 цагийн дадлага хийх ёстой. Агаарын зай сийрэг манай орны хувьд нисгэгчийн дадлага хийхэд бүрэн тохирно. Нисэхийн сургууль байгуулбал зах зээл байна гэсэн үг.

-Нисэхийн сургууль Монгол Улсад байгуулагдчихвал нисгэгч болох мөрөөдөлтэй олон хөвгүүдэд боломж нээгдэх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Хөвгүүд нисгэгч, охид онгоцны үйлчлэгч болохыг мөрөөддөг гэж боддог. Нисгэгч болох мөрөөдөлтэй түүнийхээ төлөө тууштай зорьж буй залуучууд өндөр өртгөөр гадаадад руу явж сурахгүйгээр монголдоо нисгэгчээр суралцах боломж нээгдэнэ. Одоо манай улсын нисгэгчд хувиараа болон ИНЕГ-ын зардлаар гадаадад өндөр өртгөөр бэлтгэгдэж байна. “МИАТ”, “Хүннү Эйр”, “Aero Mongolia” гэсэн компаниудад нисгэгчийн шаардлага дутагдалтай байгаа.

byambasuren

-ИРЭХ ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД ЖИЖИГ ОВРЫН ОНГОЦ ЧӨЛӨӨТЭЙ 
НИСЛЭГ ҮЙЛДЭХ БОЛОМЖИЙГ НЭЭЖ ӨГНӨ-

-Энэ сургуулийг байгуулахад хэдий хэр хэмжээний хөрөнгө шаардагдах вэ. Урьдчилсан байдлаар төсвийн тооцоогоо гаргасан уу?

-Нисэхийн сургуулийг Монгол Улс шууд байгуулж болохгүй. Олон улсын агаарын тээврийн сургалтын байгууллагаас гэрчилгээ авна. Ингэхийн тулд нисэхийн сургуулийн бааз суурийг бий болгох ёстой. Үүнд нэлээд их хөрөнгө оруулалт шаардлагатай. Бидэнд 4D, 4E ангиллын том онгоц буух аэрдром нь бэлэн байна. Нисэхийн сургуулийг заавал ИНЕГ байгуулна гэхгүй хувийн хэвшлийнхэн хийж болно. Энэ чиглэлээр нэлээд сайн төсөл хийчихсэн “Томs air” компанийн н.Бүрнээ гээд залуу байна.

-Монгол Улсын агаарын орон зайг бусад улс орнуудтай харьцуулахад сийрдэг байдаг гэсэн. Энэ давуу байдлаа ашиглан дотоод руугаа гадаад валютын урсгал оруулж ирэх боломж байна уу?

-Агаарын орон зайг хэд, хэд ангилдаг. Өнгөрөлтийн нислэг буюу дээд агаарын зайд урьд жил 110 мянган нислэг өнгөрсөн. Энэ агаарын зай жилдээ 10 гаруй хувиар нэмэгдэж байгаа. Жижиг онгоцнууд нисэх доод агаарын зай хамаагүй сийрэг. Монголд 10 гаруй хувийн онгоц байдаг. Энд хэдээс өөр нислэг алга. Тэгэхээр энэ агаарын зайг нэмэгдүүлж ашигтай байлгахын тулд Ерөнхий зориулалтай агаарын тээврийг хөгжүүлэх шаардлагатай болчхоод энэ жил Засгийн газраар хөтөлбөрийг нь батлуулж авлаа. Ингэснээр ирэх дөрвөн жилд Монгол Улсад Ерөнхий зориулалтай агаарын тээврийг хөгжүүлнэ. Жижиг оврын онгоцтой хувийн болон бизнесийн онгоцтой хүмүүс монголд аялал жуулчлалын бүс нутгуудад үйлчилгээ үзүүлнэ. Өмнө нь аймгаас сумд руу жижиг ногоон онгоц нислэг хийдэг байсан. Ирэх дөрвөн жилийн хугацаанд жижиг аэрдромуудыг засаж янзлаад жижиг оврын онгоц чөлөөтэй нислэг үйлдэх боломжийг нь нээж өгснөөр дэд бүтэц сайн хөгжөөгүй орон нутагт аялал жуулчлал хөгжих юм.

-Гадаад, дотоодын нислэгийн тийзний үнийг бууруулах талаар олон жил ярьдаг ч тодорхой үр дүнд хүрдэггүй. ИНЕГ-аас энэ чиглэлд ямар ажил хийж байна?

-Онгоцны билетний үнэ өндөр байгаа асуудал 2016 онд намайг энэ ажлыг авснаас хойш яригдаж буй асуудал. ИНЕГ, Зам тээврийн хөгжлийн яаманд 2016 онд сайдаар ажиллаж байсан н.Ганбатын үед авиа компаниудтай хамтраад бүх талаас нь судалж үзсэн. Манай улсад онгоцны билет үнэтэй байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Гол тулгуур шалтгаан нь шатахууны үнэ. Олон улсад авиа компаниудын нийт зардлын 15 хувийг шатахууны зардал эзэлдэг бол манайд 25-30 хувийг шатахууны зардал эзлээд байгаа. Шатахууны зардлыг бууруулж, авиа компаниудад боломжийн үнэтэй шатахуун нийлүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбоотой өнгөрсөн хугацаанд Зам тээвэр хөгжлийн яам, ИНЕГ, Ашигт малтмал, газрын тосны газартай хамтраад зөвхөн ОХУ-аас биш, БНХАУ-аас онгоцны түлш оруулж ирэх боломжийг нээж өгөхөөр ажилсан. Үүнтэй холбоотойгоор Замын Үдийн ачиж буулгах анги дээр шатахууны сав барих ажлыг зохион байгуулаад зураг төсөв нь гаргачихсан байна. 2019 онд шатахууны савыг улс, хувийн хэвшлийн хөрөнгөөр барих уу гэдгийг шийднэ. Олон газраас шатахуунаа авдаг болчихвол импортлогч байгууллагуудын дунд өрсөлдөөн бий болж шатахууны үнэ буурах бололцоо байна гэж харж байгаа. Ингэснээр авиа компаниудад үйл ажиллагааны зардалд тодорхой хэмжээний хэмнэлт гарна. Ялангуяа 100 хувь төрийн өмчит МИАТ компани үйл ажиллагааны зардал дээрээ тодорхой хэмжээний хэмнэлт гаргах хэрэгтэй байгаа. Үйл ажиллагаа болон захиргааны зардлаа хэмнэхээр зорчигчийн тийзийг хямдруулж болох юм.

-Өнгөрсөн жилийн хавар агаарын тээврийн салбарт либеральчлал хийгдэх тухай яригдаж байсан. Энэ ажлын үйл явц ямар шатандаа явж байгаа вэ?

-Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Ж.Бат-Эрдэнэ ажлаа авсан цагаасаа эхлэн энэ ажлын нэлээд эрчимтэй барьж авсан. Бид өнгөрсөн жил “Либеральчлал” сэдвийн дор иргэний нисэхийн салбарын бүх удирдах ажилтнуудыг зохион байгуулсан. Агаарын тээврийн салбарт либералчлал байнга хийгдэж байсан. Харин эрчимтэй явуулах асуудал дээр иргэний нисэхийн салбар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг дээр тодорхой хэмжээний чөлөөт өрсөлдөөнийг хаасан байсан заалтыг өнгөрсөн жилийн хаврын чуулганаар өөрчилсөн. Ингэснээр МИАТ компанийн гол чиглэл болсон Улаанбаатар-Сөүл, Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар гэсэн чиглэлд дахиад өрсөлдөгч компаниуд гарч ирэх боломжийг нээж өгсөн. Дээрх чиглэлд өрсөлдөгч гарч ирнэ гэдэг бизнесийн зарчмаараа үнэ, үйлчилгээгээрээ өрсөлдөх боломж гарч ирнэ. Өнгөрсөн жилийн хаврын чуулганаар бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулсан. Тиймээс БНСУ, БНХАУ-ын иргэний нисэх байгууллагуудтай агаарын харилцааны хэлэлцээрт дахин оръё гэсэн санал тавьсан. Тун удахгүй нааштай хариу ирнэ гэдэгт итгэлтэй байна.

М.АМАРЖАРГАЛ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


АВЛИГАТАЙ ТЭМЦЭ ...
АТГ сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн ху
2018 оны 12 сарын 07

НӨАТ-ын буцаан ...

Татварын ерөнхий газраас аж ахуй нэгж, бай

2018 оны 12 сарын 06

БНФУ-аас Монгол ...

Энэ сарын 15-ны өдөр БНФУ-аас Монгол Улсад

2018 оны 12 сарын 04

Оросын Холбооны ...

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энх

2018 оны 12 сарын 04


Иргэний индэр