Энэ оны 1 сарын 1-ээс дараах хуулиуд хэрэгжиж эхлэнэ


2019 оны 01 сарын 03

 Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн салбар бүрт шинэ хууль дүрэм үйлчилж эхлэх нь ээ. Тухайлбал, шинэчилсэн найруулгаар батлагдсан Төрийн албаны тухай хуулийг энэ сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 320 мянган төгрөг болов. Түүнээс гадна, Монголбанкнаас хэрэглээний зээлийг хязгаарлаж, хугацааг нь багасгаж байгаа аж. Шинэ он гараад хэрэгжиж эхлэх хуулийн төслүүдийн талаар тоймлон хүргэе. 

Хэрэглээний зээлийг 30 сараас дээш хугацаагаар олгохгүй 

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2018 оны зургадугаар сарын 15-ны өдөр  хуралдаж,  иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг гаргасан билээ. Тодруулбал, орлогын 70 хувиас хэтрэхгүйгээр эргэн төлөлт хийх боломжтой байхаар зээл авах аж. Мөн 30 сараас илүү хугацаатай зээл авах боломжгүй болж байна. Дэлгэрэнгүй тайлбарлавал, та сард татварын дараах байдлаар сая төгрөгийн цалин авдаг байлаа гэж бодъё. Тэгвэл таны зээлж авах мөнгөний сард эргэн төлөх хэмжээ 700 мянгаас хэтрэхгүй байх ёстой.  Дээрээс нь 30 сараас илүү хугацаатай зээл авахгүй гэхээр сард сая төгрөгийн орлоготой байгаад ч 10-аас дээш сая төгрөгийн зээл авах боломж байхгүй гэсэн үг.  Хэрэглээний зээлд ганцхан цалингийн зээл бус бүх төрлийн лизингийн үйлчилгээ ч хамрагдана гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Хэрэглээний зээлийг хязгаарласнаар  иргэд орлогынхоо тодорхой хувийг амьжиргааныхаа наад захын хэрэгцээг хангахад зарцуулах, өрхийн өрийн дарамтыг цаашид нэмэгдүүлэхгүй байх, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чухал нөлөөтэйгөөс гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх бизнесийн зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй гэж Монголбанк үзэж байгаа юм. 

Төрийн албанд 16 жил ажилласан хүн Төрийн нарийн бичгийн дарга болно 

Төрийн албаны хууль 2017 оны арванхоёрдугаар сард шинэчилсэн найруулгаар батлагдсан.  Улмаар 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Төрийн албаны шинэ хууль мөрдөгдөж эхэлснээр улстөрчид төрийн албыг төрлийн алба болгодог, нөлөөллөө оруулж, өөрсдийн хүнээ томилдог асуудлыг цэгцэлнэ хэмээж буй. Хамгийн чухал нь төрийн албанд мерит тогтолцоо буюу ажилласан жил, туршлагаараа ахиж дэвших боломжийг нээж өгөх аж. Төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах албан тушаалд томилогдох хүн төрд 16 жил ажилласан байх шаардлага тавьж байгаа юм. Гэхдээ энэ хугацааныхаа наймд нь эрхэлсэн түшмэлээр ажилласан байх ёстой.  Нэг ёсондоо салбараа сайн мэддэг, он удаан жил ажилласан хүн л удирдлагын түвшинд ажиллах боломжтой болж байна. Мөн төрийн албан хаагчдыг байнга сургалтад суулгаж, мэргэшүүлэх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлж байх заалт ч шинэ хуульд оржээ. Албан тушаал ахих болгондоо албан тушаалын тусгай шалгалт өгнө. Мөн шаардлага хангаад, төрийн албан хаагчаар тогтвор суурьшилтай ажиллаж чадвал тэтгэвэрт гарахдаа 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авах юм. Төрийн захиргааны албан хаагчдад илүү цагийн нэмэгдэл олгох зохицуулалттай. Үйлчлэх хугацаа нь харин болоогүй байгаа.  Төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах, сонгууль болгоны дараа хоморголон халагддаг байдлыг үгүй болгохын хажуугаар харуцлагын тогтолцоог ч нэмжээ. Ингэснээр төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан болон ажилгүй байсан тэтгэмжийг халсан албан тушаалтан өгөх аж. 

Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэв 

Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалтад 2017 оны дөрөвдүгээр сард  оруулсан өөрч­лөлт болон УИХ-аас батал­сан 2030 он хүртэл тэт­гэв­рийн талаар баримтлах бод­ло­гын хү­рээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимт­гэл  нэг хувиар нэмэгдэж байна. Нэмэгдэж буй нэг хувийн шимтгэлийг ажил олгогч, ажилтан хоёроос тэнцүү хуваан гаргуулах бөгөөд тус бүр 0.5 хувийн шимтгэл нэмж төлнө гэсэн үг. Тус бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос хоёр,  2019 оноос нэг, 2020 онд  хоёр гээд нийтдээ таван хувиар нэмэгдэнэ.  Өнгөрөгч оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан 11 хувь, ажил олгогч 12-14 хувийн шимтгэл /ямар үйл ажиллагаа явуулж буйгаас хамаарч/ төлж байгаа бол хоёр хоногийн өмнөөс эхлэн ажилтан 11.5, ажил олгогч 12.5-14.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлөх юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг боллоо 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ мөн л нэмэгдэж, 320 мянган төгрөг боллоо. 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр 240 мянган төгрөг болж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ийнхүү 80 мянгаар нэмэгдлээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтооно гэсэн хуулийн дагуу нэмэгдүүлж байгаа.  Улсын хэмжээнд 80 мянган хүн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэсэн тоо бий. Тэгвэл тэд энэ сараас эхлэн 240 биш 320 мянган төгрөгийн цалин авах нь ээ. Нөгөө талаар нэг цагийн ажлын хөлс 1904 төгрөг болж нэмэгдэж байгаа гэдгийг  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлсэн билээ. Энэ тоо ирэх онд 2500 төгрөг болох юм. 

2-12 насны хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчилнэ 

Эрүүл мэндийн салбарт хэрэгжих нэгэн том ажил бол 2-12 насны хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчлэх тухай. Энэ хүрээнд бэлтгэл ажил хэдийнэ эхэлсэн бөгөөд Засгийн газрын тогтоол мөн л энэ сарын 01-нээс хэрэгжиж эхлэх учиртай. Тус хөтөлбөрийг 50 тэрбум төгрөгт багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрт 2-12 насны 725 мянган хүүхэд хамрагдана. Үүний үр дүнд 2022 он гэхэд бага насны хүүхдийг шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж салбар яамны зүгээс үзэж байгаа юм. Эдгээр цогц үйл ажиллагааны нэг хэсэг болох амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэх арга хэмжээг 2-12 насны хүүхдийн дунд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Энэ шийдвэр одоогоор улсын эмнэлгүүдэд хэрэгжиж байгаа бөгөөд хувийн эмнэлгүүдэд саналаа хүргүүлсэн ч шийдвэртэй хариу ирээгүй байгаа гэнэ. Үүнээс гадна өчигдрөөс эхлэн төрөх эм­нэл­гүүд нярайг төрсөн даруйд нь регистрийн дугаар ол­гох үйлчилгээг хэрэг­жүүлж эх­лэв. Ингэс­нээр эх, нярай хоёр төрсөн цагаасаа эхлэн төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг саадгүй авах боломж бүрдлээ. 

Багшлах эрхийн гэрчилгээ авах шаардлагагүй 

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль өнгөрөгч оны зургадугаар сарын 27-ны өдөр батлагдсан. Багш бэлтгэх, багшийн хөгжил, оролцоог дэмжих, ёс зүй, нэр хүнд, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор энэхүү хуулийг баталсан бөгөөд мөн л энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ.  Хууль хү­чин төгөл­дөр үйл­чилж эхэлснээр багш нар ажлын байран­даа хөг­жих, урам­шуул­лын сис­тем нь өөрч­лөгд­сөнөөр цалин нэмэгдэх боломж­той. Мөн багш нар орон сууц­ны зээлд хөнгөлөлттэй хам­раг­дах, МУБИС-ийг төгс­сөн залуу боловсон хүчин заавал багшлах эрхийн гэр­чил­гээ авах шаардлагагүй болох юм.  Энэ хууль нь өмчийн хэл­бэр харгалзахгүйгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж бай­гаа бүх шатны албан бо­лон албан бус боловсролын сур­гал­тын байгууллагад ажиллаж бай­гаа багшид үйлчлэх юм байна.

Мансуурах донтой иргэнийг албадаж эмчилнэ 

Согтуурах, мансуурах дон­той хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн болон шүүхийн шийдвэр гүй­цэт­гэх байгууллагын хянал­тан доор захиргааны журмаар албадан эмчлэх хууль хэрэг­жиж эхэлнэ. Ингэснээр 2000 онд баталсан хууль хүчин­гүй болох юм. Албадан эм­чил­гээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жилхүртэл хугацаатай хийнэ хэмээлээ. Ингэхдээ жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглосон аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд todaynews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ


Д.Дорлигжав нар ...
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны
2019 оны 01 сарын 09

Эрчим хүчний са ...
Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг “Ам
2019 оны 01 сарын 09

Хүүхдүүдийн чөл ...
Онцгой байдлын ерөнхий газраас “Улаанба
2019 оны 01 сарын 03

Энэ оны 1 сарын ...
Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн са
2019 оны 01 сарын 03


Иргэний индэр