Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал авч байна

A- A A+
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал авч байна

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 2021 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 29-ний хооронд иргэд, олон нийтээс цахимаар болон харьяа хороогоор дамжуулан санал авч байна. Иргэд цахимаар санал өгөхдөө Ulaanbaatar2040.mn эсвэл Manaikhoroo.mn цахим хуудсаар зочлон, товч танилцуулга болон видео танилцуулга цэсийг сонгон Ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй танилцсаны дараа санал өгөх цэсийг сонгон саналаа өгнө. Харин хороон дээрээ очиж санал өгөх иргэдийн хувьд харьяа хороон дээрээ очин, хэвлэмэл товч танилцуулгатай танилцаж хорооны хэсгийн байцаагч, эсвэл зохион байгуулагчаас саналын хуудас авч бөглөснөөр саналаа өгнө.

Санал авч эхэлснээс хойш аравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Ulaanbaatar2040.mn,  Manaikhoroo.mn цахим хуудсаар  2000 гаруй иргэн саналаа өгсөн байна. Эдгээр иргэнээс ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулж, судалгааны урьдчилсан үр дүнг графикт үзүүлэв.

Графикт үзүүлснээр цэцэрлэгийн хүртээмж, авто замын түгжрэл, агаарын бохирдол, цар тахал гэсэн хүчин зүйлс иргэдийн хувьд хамгийн ихээр тулгамдаж буй асуудал болж байна. Иргэд эдгээр асуудлыг шийдвэрлэхэд авто зам, дугуйн зам, явган зам, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг үе шаттайгаар инженерийн шугам сүлжээнд холбож барилгажуулах, цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, спорт, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг нэн тэргүүнд хийх шаардлагатай гэсэн санал өгчээ.

Цаашид цахимаас гадна хороодоор дамжуулан өгсөн саналын судалгааны үр дүн бүхий статистик мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд түгээх болно.  Ташрамд, цахим санал хураалтад идэвхтэй оролцож буй Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэддээ талархсанаа илэрхийлье.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС