Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд нийслэл хотод 2021 онд улс, нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэл, үр дүнд хяналт шалгалт хийсэн тухай Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулсан. Хотын дарга танилцуулгыг сонсоод, хяналт, шалгалт хийгээд өнгөрөх биш, хариуцлагын тогтолцоог бий болгож, авах арга хэмжээг тодорхой болгох хэрэгтэй гэдгийг онцоллоо. Мөн Ажлын хэсгийг шаардлага хангах хэмжээнд ажиллаагүй байна хэмээн үзэж, тус асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, дахин оруулж ирэхийг үүрэг болгосон юм.
Шилдэг хороо, хэсгийн ахлагч нарын шилдэг багийг шалгаруулжээ
“Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны тухай НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд зөвлөлийн хуралд танилцууллаа. НЗДТГ нь нийслэлийн ойн хүрээнд хороодын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор болзолт уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Уралдаан хоёр үе шаттай явагдсан бөгөөд Ажлын хэсгээс хороог 87 шалгуур үзүүлэлтээр, хэсгийн ахлагч нарын багийг 33 шалгуур үзүүлэлтээр дүгнэж, нийслэлийн 2021 оны шилдэг хороо, хэсгийн ахлагч нарын багийг шалгаруулсан байна. Дээрх болзолт уралдаанд шалгарсан хороо, хэсгийн ахлагч нарын багийн тэргүүн туршлагыг харилцан солилцох хэлэлцүүлэг, семинарыг зохион байгуулж, тэргүүн туршлагуудыг товхимол хэлбэрээр хэвлэж, нийслэлийн 171 хороонд хүргэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Болзолт уралдааны дүнг батлах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Нийслэл 2329.4 тонн давс, 2278.1 тонн бодисын нөөцтэй
Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн дүн, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн хэрэгжилттэй зөвлөлийн гишүүд танилцав. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл өвөлжилтийн бэлтгэл 96.8 хувийн гүйцэтгэлтэй байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан юм. Тухайлбал, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 8 А, В, Г магистралийн 3.3 км урт хос дулааны шугамыг өргөтгөн шинэчилжээ. Мөн орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны санхүүжилтээр 36 халаалтын зуухны хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох дөрвөн багц ажлыг хэрэгжүүлсэн байна.
Өвөлжилтөд зориулж нийслэлийн зургаан дүүрэгт нийт 73 агуулахад 57500 тонн орчим сайжруулсан түлшний нөөц бүрдүүлжээ. Түүнчлэн 2329.4 тонн давс, 2278.1 тонн бодисын нөөцтэй байгаа юм. Аравдугаар сарын 30-нд 2000 тонн бодис, 627 тонн давс татан авахаар бэлтгэл хангаж байна.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, өвөлжилтийн үед хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний засварын ажлыг богино хугацаанд хийж, гүйцэтгүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг үүрэг болгов. Мөн Улаанбаатар хотын гол болон туслах гудамж, замуудад гарсан нүхэн эвдрэлийг яаралтай засварлаж, өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллахыг, нүхэн болон гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, хайс, хашлагын засварын ажлыг тогтмол хийхийг даалгалаа.
“Манай хороо-Миний гудамж” аяны дүнг танилцуулав
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Манай хороо-Миний гудамж” аяныг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Ажлын хэсэг 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд найман сарын турш дүүрэг, хороодод ажиллаж, удирдамжийн дагуу аяны шилдгүүдийг тохижилт, ногоон байгууламж, инженерийн дэд бүтэц, хог хаягдал, орчны бохирдол, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, хамгаалалт гэсэн нийт 145 шалгуур үзүүлэлтээр шалгаруулжээ. Тодруулбал, шилдэг дүүрэг, шилдэг орон сууцны хороо, шилдэг гэр хороо, шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, шилдэг сууц өмчлөгчдийн холбоо, шилдэг орон сууцны контор, хэрэглэгчдэд үйлчлэх төв, шилдэг өрх, шилдэг хог тээврийн байгууллага, шилдэг зам, талбайн цэвэрлэгээний байгууллагуудыг тодруулсан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл гарч, шагнал гардуулах арга хэмжээг аравдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн 27 жилийн хугацаанд Улаанбаатар хот дүрэмгүй, стандартгүй явж ирсэн. Сүүлийн 30 жилд бий болсон бодлогын гажуудлыг засахын төлөө ажиллах хэрэгтэй гэдгийг онцлов.
2134 иргэний газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэнэ
НИТХ-ын 2013 оны тогтоолоор 52 байршилд нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Батлагдсан 52 байршлаас 44 байршил зарлагдаж, иргэдээс хүсэлт хүлээн авах, хүсэлтийг бүртгэн баталгаажуулах, газар өмчлөх иргэдийн сонголт хийх зэрэг үе шатны ажлуудыг цахимаар зохион байгуулан, Нийслэлийн Засаг даргын есөн удаагийн захирамжаар 42 байршилд нийт 69.836 иргэнд 3501.28 га газрыг өмчлүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Бурхантын ам, Өндөрхаан уулын байршлуудад нийт 2683 нэгж талбар зарлагдсанаас 2288 иргэн цахимаар сонгогдож, 2134 иргэн кадастрын зургаа хийлгэж, өргөдлөө баталгаажуулсан боловч газар өмчлөх шийдвэр гараагүй байна. Учир нь Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн дүгнэлтээр Өндөрхаан уулын байршилд хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр гурав, дөрвөлжин булш 47, Бурхантын аманд дөрвөлжин булш нэг, нийт 51 дурсгал илэрсэн. Иймээс 36-р байршлын сонгогдсон 330 нэгж талбарыг суурьшлын бүсээс чөлөөлөх, зайлшгүй тохиолдолд авран хамгаалах малтлага, судалгаа хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.
Нийслэлийн Засаг дарга зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, Бурхантын аманд сонгогдсон 1804 иргэн, Өндөрхаан ууланд сонгогдсон 330 иргэний нэгж талбарыг Бурхантын амны нөөц үлдсэн байршилд төлөвлөлтийн дагуу байршуулж, нийт 2134 иргэний газар өмчлөлийн захирамжийн төсөл боловсруулан шийдвэрлэхийг холбогдох хүмүүст үүрэг болгов. Мөн цахим системээр сонгон шалгаруулалт явагдсан 44 байршлаас дэд бүтэц тавих боломжтой эхний найман байршилд гадна цахилгаан хангамж, гэрэлтүүлгийн ажлын зургийн төсвийг судалж, шийдвэрлэхийг даалгалаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС