Гал сөнөөгчийн гэр бүлд жишиг байшин барьж өглөө

A- A A+
Гал сөнөөгчийн гэр бүлд жишиг байшин барьж өглөө

Нийслэлийн Онцгой байдлын газрын Ахлагчийн зөвлөл Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж “Мөрөөдөл биелдэг” сайн үйлсийн аян өрнүүлж, гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлд шинэ хашаа, байшин барьж өглөө. 

Тодруулбал, уг төсөлд TV9 телевиз, Араг продакшн зэрэг байгууллагууд хамтран, бусад аж ахуйн нэгж, иргэд мөнгөн дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэжээ. Орон сууц барих ажилд НОБГ-ын дарга А.Дашнямын тушаалаар томилсон ажлын хэсгийн 14 алба хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр есдүгээр сарын 15-наас энэ сарын 22-н хүртэл ажилласан байна.

Сайн үйлсийн аяны хүрээнд Онцгой байдлын албаны 750 гаруй аврагч, гал сөнөөгчдөөс Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлийг сонгожээ. Ж.Пүрэвдэмбэрэл нь Онцгой байдлын албанд 15 жил ажилласан, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр гамшиг ослын 965 удаагийн дуудлагаар ажиллаж 12850 цаг үүрэг гүйцэтгэсэн.  Түүнчлэн үүрэг гүйцэтгэхдээ галын аюулаас 14 хүний амь аварч, ээлжийн бүрэлдэхүүн 2 тэрбум 214 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалж ажиллажээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр онцгой байдлын байгууллагын ангиудтай ойрхон газар албан хаагчдыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн үүрэг гүйцэтгэх нөхцлийг сайжруулах чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна” хэмээв.

Тус байшин нь 15х8 харьцаатай, дотроо угаалгын өрөө, халуун хүйтэн устай. Мөн гал түймэр, үер, газар хөдлөлт, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлж, гамшгийн эрсдлийг тооцож барьсан жишиг байшин гэдгээрээ онцлог юм.

НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням “НОБГ 2021 онд дотоод журамдаа өөрчлөлт оруулан Ахлагчийн зөвлөл байгуулсан. Бид стандарт хангасан, жишиг байшинг барьж ашиглалтад оруулж байна. Нийтдээ 110 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалттай энэ аянд НОБГ-ын бүх албан хаагч оролцсон” хэмээн онцоллоо. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС