Барилгын хашаагаа татаж, явган хүний зам чөлөөлөхийг шаардав

A- A A+
Барилгын хашаагаа татаж, явган хүний зам чөлөөлөхийг шаардав

Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр, Герман Улсын Элчин сайдын яамны хойно барьж буй барилгын хашаа явган хүний зорчих хэсэг рүү түрж орж, нийтийн эрх ашигт харшилсан тул Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга барьж буй  “Билгүүн Монгол Констракшн” ХХК-д нэг хоногийн дотор хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүллээ. Энэ талаарх гомдол иргэдээс удаа дараа ирсэн байна.  

Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ардабек “Түр хашааг 24 цагийн хугацаанд  өөрийн эзэмшил рүү татаж  нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, явган хүний замын эвдэрсэн хэсгийг засахыг албан ёсоор даалгалаа. Шаардлагыг хугацаандаа биелүүлэхгүй бол холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагад албан бичиг хүргүүлэн арга хэмжээ авна” гэв.

“Билгүүн Монгол Констракшн” ХХК нь барилгын түр хашааг  эзэмшил газраасаа 3-4 метр хэтрүүлж барьжээ.  Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан иргэдээс олон төрлийн  гомдол, мэдээлэл ирдэг бөгөөд тэдгээрийн дотор хувийн компаниуд барилгын ажил хийхдээ нийтийн эзэмшлийн зам талбайг хашиж, явган хүн зорчих хэсгийг хаасан тухай гомдол цөөнгүй байдаг аж. Иргэдийн гомдлыг тухай бүрд нь шийдвэрлэхээр ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС