“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд-II” эрдэм шинжилгээний хуралд таван орны эрдэмтэд оролцож байна

A- A A+
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд-II” эрдэм шинжилгээний хуралд таван орны эрдэмтэд оролцож байна

Монголын Хүүхдийн ордон, НЗДТГ-тай хамтран хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааны хүртээмж, чанар, үр дүнг сайжруулах үүднээс “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хоёр дахь хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. Хурлын нээлтэд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү хүрэлцэн ирж, баяр хүргэн үг хэллээ. Мөн ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа баяр хүргэн мэндчилгээ илгээжээ.

Энэ удаагийн “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд АНУ, ОХУ, БНСУ, Япон, Монгол зэрэг орны эрдэмтэн, судлаачид оролцож байна. Шинжлэх ухаан, судалгааны үр дүнд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих, хүүхэд бүрэн эрхээ эдэлж, сурч боловсрох, эрүүл таатай орчинд амьдрах орчныг бий болгоход хувь нэмрээ оруулах зорилготой тус хуралд 78 эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл иржээ. Харин дээрх бүтээлүүдээс үндсэн болон салбар хуралдаанд нийт 38 илтгэлийг хэлэлцүүлэх аж.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Төрөөс хүүхдийн хөгжил хамгааллын талаар  баримтлах бодлого, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих зорилтыг дэвшүүлсэн. Тодруулбал, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжил хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх замаар хүүхэд багачуудын эрүүл мэнд, боловсрол, сэтгэл зүйн хөгжлийг дэмжин, болзошгүй эрсдэл, осол гэмтэл, цахим орчны сөрөг нөлөө, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэж тусгасан. Уг зорилтын хүрээнд Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй байдлаараа ямар түвшинд явж байгаад судалгаа, шинжилгээ хийн, индексийг тогтоох бэлтгэл ажлыг хангаж байна. Цаашид ч хүүхэд хөгжил, хамгаалал, эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх оновчтой судалгаа, шинжилгээний ажлын идэвхийг нэмэгдүүлэх болно. Түүнчлэн хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн уялдаа холбоог сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана” хэмээн үг хэлэв. Мөн  тэрбээр “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд-II” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулан, хүүхдийг хөгжүүлэх үйлсдээ шинжлэх ухаанч, судлаач сэтгэлгээгээр хандаж байгааг сайшааж, хуралд оролцож буй нийт зочид, судлаачдад талархал илэрхийлж байлаа.

Харин Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа “Юуны өмнө ирээдүй хойчийнхоо төлөө хичээн зүтгэж буй их үйлсэд удирдлага арга зүйгээр өдөр тутамдаа хамтран ажиллаж, биднийг үргэлж дэмжиж байдаг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НЗДТГ, НИТХ-ын хамт олонд гүн талархал илэрхийлье. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал танхим болон цахим хэлбэрээр хосолж байгаагаараа онцлогтой. Ингэснээр оролцогчдын цар хүрээг тэлж, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид оролцох боломж нээгдлээ. “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд-II” олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ ирүүлэн, хэлэлцэж буй эрдэмтэн судлаачид та бүхэндээ талархал илэрхийлэхийн сацуу, эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг анх 2018 онд санаачлан зохион байгуулж байсан. Тухайн үед хүүхэд багачуудын ирээдүй хөгжил хамгаалал, эрүүл мэнд, сурч боловсрох таатай орчин нөхцөл, хүүхдийн асуудлыг нарийвчлан судлах нь зүйтэй хэмээн санаачилсан тус хуралд найман улсын 70 гаруй эрдэмтэн судлаачид бүтээлээ илгээж байжээ. Энэ жилийн хурлаас гарах зөвлөмжийг төрийн болон олон нийтийн байгууллагад хүргүүлж, хүүхдийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хандаж, судалгааны үр дүнд суурилсан чиглэл болгохоор ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС