Нийслэлийн удирдлагууд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эхийг гардлаа

A- A A+
Нийслэлийн удирдлагууд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эхийг гардлаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ойн баярын энэ өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус хуулийн эхийг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нарт  гардуулан өглөө. Энэ үеэр УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны гишүүд байлцсан юм.

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эхийг гардуулах үеэр  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Улаанбаатар хотын 382 жилийн ойн баярын мэндийг та бүхэнд өргөн дэвшүүлье. Ойн хүрээнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн бичвэрийг 1.6 сая иргэнээ төлөөлөл болсон нийслэлийн удирдлагуудад хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Энэ хуулийг УИХ 2021 оны долоодугаар сарын 7-ны өдөр баталсан. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль анх батлагдсанаас хойш 27 жилийн дараа ийнхүү шинэтгэл хийлээ. Уг хуулиар нийслэл Улаанбаатар хотын чиг үүрэг, эдийн засгийн үндэс, үйл ажиллагааны зарчим гэх мэт олон зохицуулалтууд шинээр сууж өгсөн. Ингэснээр Улаанбаатар хотыг олон төвтэй болгох, дагуул хоттой болгон төвлөрлийг сааруулж, санхүүгийн бие даасан байдлаа хангах боломж бүрдэх юм. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хуулиа мөрдөн хэрэгжүүлж, амар тайван, аз жаргалтай, хөгжин цэцэглэсэн шинэ Улаанбаатар хотыг цогцлоохыг хүсэн ерөөе” гэв.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 382 жилийн ой тохиож буй баярын энэ өдөр УИХ-ын даргаас нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эх хувийг хүлээж авлаа. Хууль, эрх зүйн шинэтгэлийг хийснээр Улаанбаатар хотын эдийн засгийг тэлэх, хөрөнгө, санхүүгийн боломж бололцоог сайжруулах, бие даасан эдийн засгийг бий болгох үндэс, суурь нөхцөл бүрдлээ. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-нд  баталсан 146-р тогтоолоор Улаанбаатар хотын шуудын орлогоос улсын төсөв рүү татан төвлөрүүлдэг байсан 420 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хотод үлдээх шийдвэр гарсан. Ингэснээр иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны чанарыг сайжруулах боломж бүрдэх юм. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дэмжих, эдийн засгаа тэлэх, санхүүгийн боломж, бололцоог нэмэх сайхан нөхцөл бүрдэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС