Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх “Бүтээлч хот Улаанбаатар” зөвлөлдөх уулзалт боллоо

A- A A+
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх “Бүтээлч хот Улаанбаатар” зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улсын Соёлын яам арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн “Соёлын бүтээлч сар” аяныг зарласан. Уг аяны хүрээнд “Бүтээлч хот Улаанбаатар” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтыг нээн Соёлын дэд сайд М.Батбаяр болон Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нар үг хэлсэн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Өнөөдөр бид Улаанбаатар хотод хэрхэн бүтээлч соёлыг бий болгох вэ гэдгийг хэлэлцэж байна. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан “Бүтээлч хотыг бий болгох, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх” чиглэлээр зургаан дэд төвүүдэд инкубатор төвийг ажиллуулан, соёлын эдийн засгийг эргэлтэд оруулах ажлуудыг зохион байгуулж байна. Жишээлбэл, “Өглөөний гудамж” төслөөр том бүтээн байгуулалт хийн, барилга байшин бариагүй. Бид зүгээр л өглөө эрт босдог соёлыг уриалсан. Үүнийг дагаад тухайн гудамжинд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн орлого нэмэгдсэн бөгөөд хотын аль ч бүсэд ажилладаг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид “Өглөөний гудамж”-д ирж, бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах боломж үүссэн. Тэгэхээр соёлын цаана асар их эдийн засгийн хүч, нөөц байгаа. Нийслэлд цаашид урлагийн гудамж, бизнесийн гудамжийг байгуулахаар төлөвлөж байна” гэв.

“Бүтээлч хот Улаанбаатар” зөвлөлдөх уулзалт нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг нийслэл хотын хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрт уялдуулан тусгах, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой аж. Уулзалтад соёлын салбарын эрдэмтэн судлаачид, Улаанбаатар хотын бодлого тодорхойлогчид болоод иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд долоон төрлийн илтгэлийг хэлэлцлээ.  Тухайлбал, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн “Улаанбаатар хотын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн өнөөгийн байдал”, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Нийслэлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр ажлын байрыг нэмэгдүүлэх боломж, шийдэл” зэрэг сэдвээр илтгэл тавив.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Улаанбаатар хотын хөдөлмөрийн насны иргэдийн 70 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ /ЖДҮҮ/ эрхлэгчид юм. ЖДҮҮ-ний салбарын 30 орчим хувь нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийнхэн байдаг. Тухайлбал, дээл урлаачид маань нэг талдаа ЖДҮҮ эрхлэгч, нөгөө талдаа соёлын бүтээлч үйлдвэрлэгч болдог. Энэ мэтээр ЖДҮҮ-ний салбар нь соёлын салбартай уялдаа хамааралтай байдаг юм. Иймд нийслэлийн хэмжээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгамдсан асуудал, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэхээр уулзалтад оролцож байна” гэв.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд 12 салбар багтдаг. Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 11.600 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг бөгөөд 5600 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Тус салбарт 33.600 хүн идэвхтэй ажиллаж, Монгол Улсын ДНБ-ий 1.3 хувийг бүрдүүлдэг гэх судалгааг Соёлын яамнаас гаргажээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС