Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн болж байна

A- A A+
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн болж байна

Монгол Улсын Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд өнөөдөр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг зохион байгуулж байна. Тус аяныг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв санаачлан, Соёлын яам, НЗДТГ, МҮХААҮТ хамтран зохион байгуулж буй. Анхдугаар зөвлөгөөнд Соёлын дэд сайд М.Батбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн болоод дүүргүүдийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн удирдлагууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нар оролцлоо.

Анхдугаар зөвлөгөөний үеэр Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Г.Гангамөрөн “Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 43 мянган аж ахуйн нэгж, 678 мянган жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээс соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 11 мянган аж ахуйн нэгж, 80 мянга гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бий. Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй энэ олон мянган бүтээлч иргэн, аж ахуйн нэгжээ дэмжье хэмээсний үр дүнд өнөөдрийн Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Маргааш соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нар маань өөрсдийн бүтээсэн бүтээл, үзмэрүүдээ олон нийтэд дэлгэн, үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөсөн. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нар соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ олон улсын зах зээлд гаргах, үнэ цэн бүтээх гэх мэтээр тулгамдаж буй асуудал, санал шийдлээ ярилцах юм. Үзэсгэлэнгээр дээд шатны удирдлагуудад бүтээлээ танилцуулан, төрөөс ямар бодлогын дэмжлэг хэрэгтэй байна вэ гэдгээ илэрхийлнэ. Анх удаа ийм зөвлөгөөн хийж байгаа нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг болж чадаж байгаа гэж итгэж байна” хэмээн ярилаа.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, таван жилийн үндсэн чиглэлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих инкубатор төв байгуулах, бодлогоор дэмжих, шинэ инновацыг оруулж ирэх гэх мэтчилэн тодорхой заалтуудыг тусгасан. Үүний хүрээнд Сэлбэ дэд төвийн барилга ашиглалтад орж, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвд шилжүүлэн, инкубатор төв байгуулж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөгөө өгөх, ажлын байраар хангах зэргээр дэмжиж хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийн анхдугаар зөвлөгөөнөөр төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд бодлогын ямар дэмжлэг үзүүлэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид цар тахлын хүнд байдлыг яаж даван туулж байгаа, цаашид үйл ажиллагаагаа тэлэх гэх мэт олон талаас асуудлыг хэлэлцэж, үр дүнтэй уулзалт болно гэж найдаж байна. Энэ хүрээнд соёлын, уламжлалт бүтээгдэхүүн, бараа үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл ирсэн. Нийслэлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн дийлэнх хувь нь соёлын, аялал жуулчлалын бүтээгдэхүүн эргэлтэд оруулдаг боловч цар тахлаас шалтгаалаад үйлдвэрлэл, үйлчилгээний ажил нэлээн удаашралтай, гацсан байдалтай байна” гэлээ.

Хан-Уул дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч Л.Мөнх-Ариун “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв сайн ажиллаж байна. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид мэдээллийг маш шуурхай авч,  мөн дүүргийн холбогдох удирдлагуудтай уялдаа холбоотой ажиллаж байгаа. Энэ цаг үед төрийн дэмжлэг орж ирж байгаад их баяртай байна. Цаашдаа урт хугацааны турш үр дүнтэй, хамтын ажиллагаатай байна гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Зөвлөгөөнөөр “Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба эдийн засгийн үр өгөөж”, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хөгжүүлэх шийдэл”, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарыг соёлын аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх боломж” сэдвийг хэлэлцэхээр бэлтгэжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС