Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ

A- A A+
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ

Цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах сарын аяны хүрээнд сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай утсыг хэрхэн ажиллуулж байгаа талаарх зөвлөлдөх уулзалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/ санаачлан зохион байгууллаа. Тус уулзалтад НЭМГ-ын Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга Л.Зэндмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Э.Мөнхгэрэл,  Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны менежер Э.Эрдэнэчимэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баярмаа болон сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцов. Уулзалтаар “Ковид-19” халдварын цар тахлын хариу арга хэмжээнд яаралтай дуудлага хүлээн авах, зөвлөгөө өгөх 119 утсыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнд зориулсан www.duudlaga.mnсайттай холбож, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар ярилцсан юм.

Оролцогчдын зүгээс www.duudlaga.mn-ээр дамжуулан сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнд тусламж, үйлчилгээг үзүүлэх, боломжтой мэдээллийг хүргэх, 119 утсанд нийтлэг ирдэг асуултын хариултыг бичсэн гарын авлагаар дохионы хэлмэрчээр уншуулсан видео шторк бэлтгэн хүргэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Мөн зайнаас зөвлөн туслах www.duudlaga.mn сайтын операторуудад “Ковид-19” цар тахалтай холбоотой нийтлэг ирэх асуултыг эрэмбэлэх, энгийн асуултад хариулах тусгайлсан сургалтад хамруулах зэрэг тодорхой шийдэлд хүрсэн үр дүнтэй уулзалт болов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС