Иргэд газрын маргааныг шийдвэрлэхийг хүслээ

A- A A+
Иргэд газрын маргааныг шийдвэрлэхийг хүслээ

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ийнхүү иргэдтэй уулзаж байгаа юм. Өнөөдрийн уулзалтад Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Баянгол дүүргийн Газрын албаны төлөөлөл оролцож, иргэдийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхээр санал солилцсон юм.  

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн Б.Бадамханд тус хорооны нутагт барьсан 266 дугаар цэцэрлэгийн газрын асуудлыг хөндлөө. Тус цэцэрлэгийг  барьсан газар нь маргаантай байгаагаас цэцэрлэгийг нийслэлийн өмчид бүртгэх боломж бүрдэхгүй байгаагийн дээр цэцэрлэгт дулаан, цахилгаан нийлүүлэхэд ч саад учраад байгааг өгүүлсэн юм. Мөн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дахь 60 дугаар байрны оршин суугчид БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Номтот” компанитай холбоотой гомдлыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчид дуулгасан. “Номтот” компани 60 дугаар байрны гадна талд тоглоомын талбай байгуулах зай ч үлдээлгүй хашаа татаж, чингэлэг байршуулснаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхийг хөндөж байгаа тухай өгүүлсэн юм.  

266 дугаар цэцэрлэгийн газрын маргааныг журмын  дагуу шийдвэрлэж, цэцэрлэгийг нийслэлийн өмчид бүртгэх ажлыг түргэвчлэх, 60 дугаар байрны гадна талд хүүхдийн тоглоомын талбай барихуйц газар чөлөөлөх үүргийг “Номтот” компанид өгөхийг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч холбогдох албаныханд даалгалаа.

Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэн С.Гантогоо газрын маргаантай асуудлаа танилцуулж, сүүлийн 10 жилийн турш хүндрэлтэй нөхцөлд аж төрж байгаагаа дуулгав. Тус иргэний хөндөн тавьсан асуудал нь шүүхийн шатанд шийдэгдэж буй тул шүүхийн шийдвэр гартал хөндлөнгөөс оролцох боломжгүйг тайлбарлалаа. Түүнчлэн Баянгол дүүрэгт газрын маргаан удаа дараа гарч, иргэд гомдоллож байгаа тул цаашид анхаарч ажиллахыг сануулсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС