Зарим дүүргийн хороодыг хувааж, шинээр зохион байгуулах санал гаргав

A- A A+
Зарим дүүргийн хороодыг хувааж, шинээр зохион байгуулах санал гаргав

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн удаах асуудал нь Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай байлаа. Дээрх дүүргүүдийн зарим хорооны хүн ам, өрхийн тоо хэт олон байгаагаас ачаалал ихсэж, иргэдэд хүрэх үйлчилгээнд хүндрэл учирч буй тухай саналыг ирүүлсний дагуу энэхүү асуудлыг боловсруулсан байна. 

Нийслэл Улаанбаатар хот өдгөө 171 хороотой. Тэдгээрийн хүн ам, өрхийн тоо, газар нутгийн хэмжээ харилцан адилгүй байгаагаас зарим хороог хуваах, шинээр байгуулах зэргээр ачаалал тэнцүүлэх саналыг тухайн хороо, дүүргээс ирүүлсэн байна. Баянгол дүүргийн 25 хорооноос 12 хороог хувааж, шинээр 10 хороо байгуулж, нийт 35 хороотой болох санал ирүүлсэн бол Баянзүрх дүүргийн хувьд 28 хорооноос 17-г хувааж, шинээр 15 хороо байгуулан 43 хороотой болох санал ирүүлжээ. Харин Чингэлтэй дүүргийн 19 хорооноос таван хороог хувааж, шинээр мөн таван хороо байгуулж, 24 хороотой болох саналтай байгаа юм. Нийтдээ 34 хороог хувааж, 30 хороо шинээр байгуулснаар нийслэл хот 201 хороотой байхаар санал боловсруулсан байна.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүдийн хувьд анхан шатны нэгжид ачаалал өндөр байгааг ойлгож буйгаа илэрхийлээд, хороо байгуулах зардал, хороодын байр, ажиллах боловсон хүчний цалингийн зардал болоод бусад зардлын тухайд шийдэл гаргах шаардлагатайг санууллаа. Асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

Барилгын зөвшөөрлийг цахимаар олгодог болно

Хот байгуулалт, хөгжлийн газраас барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах ажлаа танилцуулав. Тус байгууллагаас Хот байгуулалтын мэдээллийн санг байгуулсан бөгөөд энэ сан нь байр зүйн зураг болон хот байгуулалтын менежментийн системээс бүрддэг байна. Нийслэлийн байр зүйн зургийн мэдээллийн санд 80 мянган ам метр талбайн зургийг багтаажээ. Хот байгуулалтын мэдээллийн санг баяжуулах ажлыг тус байгууллага хариуцахын сацуу архитектур төлөвлөгөөний байршлын схем, барилгын ажлын үргэлжлүүлэх зөвшөөрөл зэрэг лавлагаа мэдээллүүдийг хэвлэн гаргадаг байна. Эдгээр систем, мэдээлэл нь иргэд, олон нийтэд нээлттэй бөгөөд 3415 барилгын талаарх бүхий л мэдээлэл байршсан байдаг аж. Хот байгуулалтын чиглэлийн 22 үйлчилгээг цахимжуулснаас хамгийн эрэлттэй зургаан төрлийн найман үйлчилгээний хүсэлтийг цахимаар авч буй гэнэ. Барилга байгууламж барих хүсэлтийг барилгажсан хэсэгт, гэр хороололд, тусгай хамгаалалттай газар нутагт хэмээн авч байгаагаас 2021 оны эхний хагас жилд нийт хүсэлтийн 21 хувийг цахимаар авчээ. Ингэснээр нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулж хүсэлт илгээсэн иргэн 6-9 хоногт хариу авдаг байсан бол цахимд шилжсэнээр 1-2 хоног болон  хурдтай шийдэх болжээ. Хот байгуулалт, хөгжлийн газраас энэ ондоо багтаан цахим үйлчилгээг 36 хувьд хүргэх зорилттой ажиллаж буй гэдгээ танилцуулсан. Цаашид барилга барих болон барилгын чиглэлийн зөвшөөрлүүдийг цахимд шилжүүлэхээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлжээ. Загвар зураг батлуулах, техникийн нөхцөл авах, барилгын ажлын зураг, магадлал хийлгэх гэхчлэн бүхий л үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах юм байна.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүдийн хувьд цахим системд шилжих нь сайшаалтай хэмээн дэмжээд, цахим системийн аюулгүй, найдвартай ажиллагааг ханган ажиллах, IT чиглэлд мэргэшсэн хүмүүсийн зүгээс хуурамч бичиг баримт бүрдүүлэн барилгын болон бусад зөвшөөрөлд хийдэл гарган, шинэ төрлийн бизнес болчих вий гэсэн болгоомжлол байгааг нуусангүй. Цахим гэмт хэрэг, залилан их хэмжээгээр гарч байгааг анхааралтай аваарай хэмээн санууллаа.

Эх орноо, хотоо сурталчлан таниулах үүргээ хэрэгжүүлэхийг хүслээ

Нийслэлийн Соёл, урлагийн газраас 2021 оны эхний гурван улирлын байдлаарх үйл ажиллагааны танилцуулгаа Нийслэлийн Засаг даргын Зөвлөлд танилцууллаа. Тус газрын дарга Ж.Дамдинцэрэн “Нийслэлийн Соёл, урлагийн газар нь Нийслэлийн Номын сан, Соёлын төв өргөө, Улаанбаатар театр, Хотын номын сан гэхчлэн 11 харьяа байгууллагатай. Үйл ажиллагаа маань соёл болон урлагийн гэсэн хоёр үндсэн чиглэлтэй. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд  байдаг түүх, соёлын дурсгалуудыг манай байгууллага хариуцан ажилладаг. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт түүх, соёлын газрын хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон, эдийн засгийн эргэлтэд оруулахаар заасан байдаг. Энэ хүрээнд Археологийн хүрээлэнтэй хамтран Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгааг хийсэн. Энэ ажил ирэх онд мөн үргэлжилнэ. Судлаад өнгөрөх бус, ил музей буюу эко музейг байгуулахаар зорьж байгаа” хэмээн өгүүллээ.

Нийслэлийн Соёл, урлагийн газраас нийслэлийн хэмжээнд яаралтай сэргээн засварлах түүх, соёлын дурсгалуудын жагсаалтыг гаргасан байна. Улаанбаатар хотын музейн ажилчид хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаагаас эхлээд анхааралдаа авч шийдэх асуудал цөөнгүй байдгийг мөн тодотгосон. Улсын болон нийслэлийн хамгаалалтад авах дурсгалуудын жагсаалтыг гаргаж,  соёлын өвийг авран хамгаалахад зориулж тодорхой төсөв гаргах саналыг хэлж байлаа. Түүх, соёлын өвийг эзэнтэй болгох, сэргээн засахаар хувийн хэвшлийн байгууллагуудтай ярилцаж буй аж.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын танилцуулга мэдээллийг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Нийслэлийн хэмжээнд байгаа түүх, соёлын дурсгалуудыг сэргээн засварлах, авран хамгаалахад санаачилгатай ажилла. Бүх юмыг даацтай, далайцтай хараарай. Хийх ажлаа цаасан дээр буулгаж, ТЭЗҮ боловсруулж бэлэн болго. Тэгж гэмээнэ гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ. Хөрөнгө санхүү татах нь боломжгүй зүйл биш. Хотын номын сангийн жишээ байна. БНСУ-аас бага боловч хөрөнгө татаж чадсан.

-Хотын уриа, брэнд бүүкийг шинэчлэх тал дээр анхаар. Хотын түүхээс эхлээд соёл, хууль, дүрэм стандарт гээд бүгдийг сурталчлах гарцыг нэг болгох, зорилгоо нэгтгэхэд анхаараарай.

-Соёл урлагийнхан та бүхэн бол үндэсний өв соёлыг тээгч нар юм шүү. Тиймээс эх орноо, хотоо сурталчлан таниулах үүрэг та бүхнийх. Австрийн Венийн театртай хамтран ажиллах эхлэл тавигдаад маш удаж байна. Үүнийг ажил хэрэг болгоход анхаарч, гадаадын жуулчдыг татах бүхий л боломжийг судлаарай.

-Монгол туургатнууд,  буддын шашинтнуудыг татах хэрэгтэй. Хүний урсгалыг санхүү, эдийн засгийн боломж дагалддаг. Үүнийг дагалдуулан шинэ шинэ бүтээгдэхүүнийг бий болго. Үгүйдээ л гудамжны үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэлийн соёл хөгжинө. Дэлхийн том хотуудад гудамжны соёл хөгжсөн байдаг. Гэтэл манай хотод баахан хяналт шалгалтаар далайлгадаг, хувийн хэвшлийнхнээ мохоодог, урам зоригийг нь хугалдаг. Үүнийг засах хэрэгтэй гэлээ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС