ОЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ ЗӨВЛӨМЖ

A- A A+
ОЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ ЗӨВЛӨМЖ

Байгаль орчин аялал жуулчлалын яам “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг 7 хоног зохион байгуулж өнөөдөр үндсэн чуулганаа хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон даяар амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбарын эрдэмтэн мэргэд, мэргэжилтэн судлаач, ойн аж ахуй эрхлэгчид болоод холбогдох салбарынхан зэрэг  2000 гаруй төлөөлөл биечлэн болон цахимаар оролцож, саналаа  өгсөн.  Салбар хуралдаануудаас гарсан нэгдсэн зөвлөмжийг үндсэн чуулганд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан танилцууллаа.

ОЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ ЗӨВЛӨМЖ 

 

 

2021 оны 11 сарын 15                                                                                    Төрийн ордон

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “ОЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-аас “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг бүрэн дүүрэн дэмжихээ илэрхийлж, чуулганд тавигдсан илтгэл, салбар хуралдаанаас дэвшүүлсэн саналд үндэслэн энэхүү зөвлөмжийг гаргав.

Нэг. “Тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх арга замын талаар:

Шинэчлэн батлагдсан “Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль”-ийн дагуу боловсруулагдаж байгаа “Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-т “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тусгах;

Тэрбум мод тарих газар нутгийн судалгааг хийж, стратеги, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, техник эдийн-засгийн үндэслэл боловсруулж, шаардлагатай төсөв, санхүүжилтийн бодит тооцооллыг гаргах;

Аймаг, нийслэл мод тарихад зориулж жил бүр 1 тэрбумаас доошгүй төгрөгийг төсөвт тусгаж байх, мод тарьж ургуулах иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санал, санаачилгыг дэмжих урамшууллын механизм, эдийн засгийн хөшүүргийг бий болгох;

Тэрбум мод хөдөлгөөний үр дүнг дараах үзүүлэлтийг хангасан байхаар тооцох.Үүнд: ойгоор бүрхэгдсэн талбай 9.0 хувьд хүрэх, нэн хүчтэй цөлжсөн газрын хэмжээ 4.0-с доошгүй хувиар буурсан байх, хүлэмжийн хийн шингээлтийг 5 сая тн-оор нэмэгдүүлсэн байх.

                 Хоёр. Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар:

2.1  Ойн салбарын мэргэжлийн байгууллагын эрх олгох, ойн аж ахуйн арга хэмжээний гүйцэтгэлийн үр дүн, хяналт, мониторинг хийх зэрэг төрийн захиргааны байгууллагуудын зарим чиг үүргийг  мэргэжлийн холбоодод шилжүүлэх;

2.2 Гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулалтыг татах боломжтой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

2.3   Ойн магадлан итгэмжлэлийн стандартыг боловсруулж, хараат бус хөндлөнгийн байгууллагаар магадлан итгэмжлэл хийх тогтолцоог бий болгох, олон улсын ойн магадлан итгэмжлэлийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах.

                  Гурав. Хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчний талаар:

Ойн мэргэжилтэн бэлтгэх сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, их дээд сургуулийн хөтөлбөрийг харилцан уялдаатай болгож, шатлан суралцах боломжийг бүрдүүлэх;

3.2  Сум, суурин газар бүрт 3-аас доошгүй ойжуулагч  байхаар тооцож, “1000 сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг 2022 онд багтаан хэрэгжүүлэх, мэргэжилтэй ажилчдыг тоог 7000-д хүргэх;

                                         Дөрөв. Үр, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэлтийн талаар:

3.1. Модлог ургамлын үр,тарьц, суулгац бэлтгэх, импортлох, хадгалах, худалдан борлуулах, тээвэрлэх, ашиглах, үрийн нөөцийн улсын сан бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгох;

3.2  Үр хадгалах байгууламжийг улсын хэмжээнд болон бүсчилсэн хэлбэрээр байгуулах;

Мод үржүүлгийн зориулалтаар ашиглаж байгаа газрыг газар ашиглалтын  төлбөрөөс чөлөөлөх;

Мод үржүүлэг, ойжуулалтын зориулалттай машин, тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулж урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох боломжийг бүрдүүлэх;

Үрийн нөөцийг жилд 290.0 мянган кг, жилд ургуулах тарьц, суулгацын хүчин чадлыг 30-100 сая ширхэгт хүргэх.

                 Тав. Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх талаар: 

4.1   Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж ой , газар тариалан, бэлчээрийн хоорондын харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчныг бий болгох;

4.2  “Дэлхийн агро-ойн төв ” олон улсын байгууллагад элсэж төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх;

4.3   Хүнс, хөдөө аж ахуй яамны харьяанд жимс, жимсгэнийн кластер хөгжүүлэх, Агро-ойжуулалтын судалгааны төв байгуулах.

               Зургаа. Цөлжилт, газрын доройтлыг бууруулах талаар:

Ой, говийн баян-бүрд, хүлэрт намаг, цайдам зэрэг экологийн чухал экосистемийг нөхөн сэргээх чиглэлд шинэлэг, байгальд ээлтэй, технологид түшиглэсэн инновац нутагшуулах;

Хур тунадас, уулын уруйн ус, шар усны ус болон илүүдэл урсац хуримтлуулах, усны нэмэлт эх үүсвэрийг ус, чийг дутмаг газруудад бүрдүүлэх далан, хаалтын системийн сүлжээг нэмэх;

Монгол орны байгалийн ялгавартай бүс нутгуудад цөлжилт, газрын доройтлыг урт хугацаанд судлах судалгааны төв байгуулж, технологи, инновацыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

Цөлжилт, газрын доройтлын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, донор улс орнуудтай хамтран ажиллах, туршлага судлах.

 

Долоо. Ой ашиглалт, ой модны үйлдвэрлэлийн талаар

7.1 Ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг тогтоож байгаа одоогийн хууль, эрх зүйн зохицуулалтыг өөрчлөн аймаг, сумын ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэдэг тогтолцоонд шилжих;

7.2 Ойн замын сүлжээний нягтрал, эдийн засаг, экологийн ач холбогдлын судалгаа тооцоог хийж, ойн аж ахуйн зориулалттай автозамын сүлжээг төлөвлөн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;

7.3  Ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор  ойн арчилгаа, цэвэрлэгээ хийж, шахмал хавтан, эко хатуу түлш, цавчдас, модлог шахмал түлш зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг НӨАТ-аас чөлөөлөх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх.

                  Найм. Хот, суурин газрын ногоон байгууламжийн талаар:

Ногоон байгууламжийн асуудлыг хот суурин газрын төлөвлөлт, хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулан зураг төслийн дагуу хөгжүүлэх;

Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай бие даасан хууль гарган холбогдох журам, стандарт, норм, нормативыг шинэчлэн эрх зүйн орчныг тодорхой болгох;

Ногоон байгууламжид тарих зориулалттай тарьц, суулгац үржүүлэх газруудад татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх ажлыг төрөөс бодлогоор дэмжих;

Тарьц суулгац бойжуулах, хот суурин цэцэрлэгжүүлэх ажилд шаардагдах усны үнийг хөнгөлөх, чөлөөлөх.

 

Нийт 8 бүлэг 28 заалт бүхий нэгдсэн зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Ойн салбарын үндэсний чуулган”-аас гаргаж буйг та бүхэнд танилцуулж байна.

 

ОЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧИД