“Үндсэн хуулийн дугуйлан” төсөл гурван жилийн хугацаанд үргэлжилнэ

A- A A+
“Үндсэн хуулийн дугуйлан” төсөл гурван жилийн хугацаанд үргэлжилнэ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Монгол Улсаа тунхаглан зарласны түүхт 97 жилийн ойн баярын энэ өдөр “Үндсэн хуулийн дугуйлан” төслийг албан ёсоор эхлүүллээ.  “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын санаачилгаар эхэлж буй тус төслийг НЗДТГ дэмжин ажиллаж, нийслэлийн есөн дүүрэг, 171 хороонд албан ёсоор нээлтээ хийсэн юм. Төслийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва нар оролцов.

“Үндсэн хуулийн дугуйлан” төслийн гол зорилго нь ард иргэдэд хууль тогтоомжийг энгийн, хялбар байдлаар таниулан сурталчлах, хүн бүр хуулийн хэм хэмжээг ижил тэгш дагаж, мөрддөг болох, хуулийн зөв хэрэглээг дадал болгох бөгөөд Улаанбаатар хотыг эв нэгдлийн бүс болгох зорилтыг дэвшүүлжээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Тус төслийн хүрээнд Үндсэн хуулийнхаа үзэл санаанд суурилан нийслэл хотынхоо ард иргэдийн хууль эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх, хуулийн хүрээнд аливаа асуудалд ханддаг, хүний эрх, эрх чөлөөг хүндлэн дээдэлдэг болохыг зорьж байна. Шинэчлэн баталсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль бол Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийг шинэ түвшинд гаргах, Улаанбаатар хотын засаглалыг сайжруулах, эрх зүйн чадамжийг нэмэх онцгой үүрэг бүхий эрх зүйн бичиг баримт болсон. 27 жилийн турш УИХ-ын босгыг даваагүй тус хуулийг энэ жил шинэчлэн батлуулсан. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орж хүчин төгөлдөр мөрдөгдсөний гавьяа юм. Цаашид Улаанбаатар хот Үндсэн хуулийнхаа хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч дуу хоолойгоо хүргэсээр байх болно” гэлээ.

Төслийг санаачлагч “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-ялалт “Эвтэй байна гэдэг нь элдэв гэмт хэрэгтэнтэй эвлэрч, хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг биш ээ. Харин ч хүчээ нэгтгэн Монгол Улсыг мөхөөж буй аливаа Үндсэн хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэлд туйлширч хазайлгүй, хууль зүйн үндэстэйгээр тэмцэх тэмцлийг хэлж байгаа юм. Энэхүү арга хэмжээг хамтран эхлүүлж, манлайлал үзүүлж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон түүний хамт олонд гүн талархал илэрхийлж байна” гэв.

Тус төсөл нь 2021 оны 11 дүгээр сарын 26-наас 2024 оны 11 дүгээр сарын 26 хүртэл үргэлжлэх бөгөөд гурван үе шаттай хэрэгжих аж. Тухайлбал, эхний шатанд 1008 сургагч багш нарыг бэлтгэх бөгөөд хоёрдугаар үе шатанд иргэдэд Үндсэн хуулийн мэдлэг олгох юм. Харин гуравдугаар шатанд төслийг дүгнэж, Үндсэн хуулийн 100 жилийн ойн хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн төслийн хүрээнд бямба гараг бүрийг үндсэн хуулийн өдөр болгон зарлаж, сургалт зохион байгуулах аж.

Үндсэн хуулийн дугуйлан төслийн логоны урт цацрагууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн зургаан бүлгийг илэрхийлж байгаа бөгөөд жижиг цацрагууд нь 70 зүйлийг нь төлөөлөхөөс гадна дугуйлан хэлбэрээр эх орныхоо сайн сайхны төлөө нэгэн зүгт харах, Монгол Улсаа нар шиг мандуулах гэсэн утга санааг илэрхийлжээ. Мөн “нэгдэгтүн, сахигтун” гэх үгийг босоо монгол бичгээр зэрэгцүүлэн бичсэн нь төр, ард түмэн хоёр хамтдаа эх орныхоо сайн сайхны төлөө үндсэн хуулийнхаа үзэл санаан дор нэгдэн, улс орноо хөгжүүлэх гэх санааг билэгдсэн байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС