Чехийн Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа

A- A A+
Чехийн Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский болон “IVECO” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн хоёр улсын боловсрол, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлт зэрэг олон салбарын харилцаа өргөжиж буйг онцлоод, цаашид хоёр орны хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг дурдав.

Мөн Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг сайжруулахад хамтарч ажиллах боломжтойг илэрхийллээ.

Түүнчлэн “IVECO” компанийн  төлөөлөгчид Улаанбаатар хотод байгалийн шингэрүүлсэн хийн /CNG/ хөдөлгүүрт автобус, байгалийн шингэрүүлсэн хий, цахилгаан хөдөлгүүр хосолсон автобус болон троллейбусыг дагалдах дэд бүтэцтэй хамт санал болгох боломжтой гэдгийг цохон тэмдэглэв. Тус компани нь байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт автобус үйлдвэрлэлийн 20 гаруй жилийн туршлагатай, тус салбарт тэргүүлэгч компанийн нэг юм.

Уулзалтын үеэр талууд нийтийн тээврийн салбарыг сайжруулахад хамтарч ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС