УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2022.01.17/ хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцууллаа.
Энэхүү хуулийн төслөөр төрийн байгууллагуудын нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар газар эзэмшиж, хөрөнгө босгодог шударга бус байдлыг хязгаарлаж, барьж дуусаагүй барилгыг үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэж иргэдийн өмчлөх эрхийг зөрчдөг зохицуулалтыг өөрчилж, нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрын эрхтэй холбоотой зохицуулалтыг шинээр бий болгох ач холбогдолтой юм хэмээн тэрбээр онцолсон. Түүнчлэн Иргэний хууль болон Газрын тухай хуулийг уялдуулах, түүн дотор нийтийн зориулалттай орон сууцтай холбоотой иргэдийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөж буй зохицуулалтыг өөрчилж, боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага дээр үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ. Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь гурван зүйлтэй бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулсан байна.
Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд нийтийн зориулалттай дундын өмчийн эрхийн тодорхойлолтыг оруулсан бөгөөд Газрын тухай хуулиар өөрийн орны онцлогт тохируулсан нийтийн зориулалттай орон сууцны газрын эрхийг сууц өмчлөгчдөд олгох талаар зохицуулжээ. Ингэснээр газар ашиглах эрхтэй этгээд орон сууц барих эрхийг хязгаарлаж, барилга байгууламж барих эрхийг Газрын тухай хуулиар амилуулах хөрс бий болох ач холбогдолтой юм байна.
Хуулийн төслийн 2 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хуулиар олгогдсон нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг дундаа хамтран эзэмших сууц өмчлөгчдийн дундын өмчийн эрхээс ялгаатай болохыг хүлээн зөвшөөрч, газар эзэмших эрхийг нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газартай давхардуулан олгох боломжийг хязгаарлахаар тусгажээ.
Хуулийн төслийн 3 дугаар зүйлд нийтийн зориулалттай дундын өмчийн эрхийг хуульчилж, орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулдаг зохицуулалтыг өөрчлөхөөр тусгасан байна. Түүнчлэн газар эзэмших, ашиглах эрхийн харилцаан дээр үндэслэж өмчлөх эрхийг дуусгавар болгодог зохицуулалтыг халж, иргэдийн өмчлөх эрхийг хамгаалах ач холбогдолтой зохицуулалтыг оруулсан байна. Мөн төрийн байгууллага, албан газар албан хэрэгцээнийхээс бусад зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан нөхцөлд хүсэлтийг Засгийн газар нэгдсэн хуралдаанаараа шийдвэрлэхээр зохицуулжээ. Ингэснээр төрийн байгууллагуудын газар эзэмших харилцаанд нэгдсэн хяналт тавьж, хуулиар хүлээсэн төрийн чиг үүрэгт хамааралгүй ашгийн төлөөх үйл ажиллагаа эрхлэх боломж, нөхцлийг хязгаарласан зохицуулалт болох юм. Ийнхүү хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болох сууцны өмчлөх эрх дуусгавар болох, ноцтой зөрчигдөх боломж хязгаарлагдах ач холбогдолтой. Монгол Улсын Үндсэн хуульд заасан газар өмчлөх эрхийг зөвхөн Монгол Улсын иргэн эдлэх зохицуулалттай уялдуулан нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг сууц өмчлөгчид эзэмших боломжтой болно. Ингэснээр өөр этгээд тоглоомын талбайд барилга барих, ногоон байгууламжийг устгах, СӨХ болон бусад иргэн, аж ахуйн нэгжийн газрын маргаантай асуудал цэгцрэх үндэс тавигдана хэмээн төсөл санаачлагчид үзжээ Хуулийн төсөл батлагдсантай холбогдож нэмэлт зардал гарахгүй бөгөөд Газрын тухай хуулийн нийтийн зориулалттай орон сууцны газраас бусад асуудлыг Иргэний хуулийн зохицуулалттай уялдуулах, газрын реформыг үндэс суурьтай хийх анхны алхам болох юм гэлээ.