Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барьснаар экспортын шинэ гарцтай болно

A- A A+
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барьснаар экспортын шинэ гарцтай болно

Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг барих шийдвэр гарсан. Баасан гарагт болох шинэ төмөр замын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар оролцоно. Засгийн газрын өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын төслийн доод бүтцийн газар шороо, ухмалын болон үер ус хоолойн барилга угсралтыг Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний ангиудаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу өнгөрсөн сарын 4-ний өдрөөс Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн ажлаа эхэлжээ.

Нэг худалдан авагчтай байхад үнэ буулгах талтай байсан бол олон гарцтай болсноор олон худалдан авагчтай болж, нүүрсний үнээ өсгөх, цаашлаад татварын орлогоо өсгөх боломжтой.

Манай төмрийн хүдэр БНХАУ-ын зах зээлд Австрали, Бразилын төмрийн хүдрийн үнэтэй өрсөлдөхүйц болно.

Монгол Улс, БНХАУ-ын хилийн Ханги-Мандал боомт хүртэл ойролцоогоор 226.3 км төмөр замын суурь бүтцийг барьж, БНХАУ-ын төмөр замтай холбосноор Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат чиглэлд тээвэрлэлтийн зай 590 километр буюу 318 километрээр дөт болно. Түүхий эд, бараа материалыг тээвэрлэх зардал буурахын сацуу байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр өгөөж төсөл болно гэж Засгийн газар дүгнэж байна.

Шинэ зам Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг, Улаанбадрах, Мандал сумыг дайран өнгөрнө. Царигийн хэмжээ 1520 мм. Хоёр өртөө, зургаан зөрлөгтэй байна. Жилд 20 сая тонн ачааг нэвтрэн өнгөрүүлэх хүчин чадалтай бөгөөд үүнийг нэмэх боломжтой юм. Тээвэрлэх ачаа өсөх хэрээр манай экспортын бүтээгдэхүүний хэмжээ өсөх давуу талтай.  

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд-Эрээн, Жининь-Хөх хот-Бугат /1,722 км/ тээвэрлэлтийн маршрут Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат /1,404/ болж богиносох боломжтой талаар дурдсан. Ингэснээр төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 318 км-ээр богиносон, тээврийн өртөг тонн тутамд 4-8 ам.доллараар буурах боломжтой. Одоогоор замын тариф батлагдаагүй байна гэж ЗТХЯ-наас мэдээлэв.  

Дархан, Сэлэнгийн бүсэд Болд төмөр Ерөө гол, Төмөртэйн орд байршдаг. Одоогоор манай улс төмрийн хүдрийг Эрээн боомтоор гаргаж байна. Энэ боомтоор нэвтэрсний дараа БНХАУ-ын нутгаар нийт 640 км зам туулж, үйлдвэрүүдэд хүрдэг аж. Харин Хангиар нэвтэрснээр илүү дөт буюу 386 км зам туулдаг болно. Ингэснээр манай төмрийн хүдэр БНХАУ-ын зах зээлд Австрали, Бразилын төмрийн хүдрийн үнэтэй өрсөлдөхүйц болох юм байна.     

ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур дараах мэдээллийг өглөө.  -Бид хэд хэдэн чиглэлд судалгаа хийгээд замын ажил, хөрөнгө оруулалт гэх мэт олон талаас нь дүгнээд энэ трасс илүү үр ашигтай байсан тул сонгосон.

Одоо барьчихсан байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 112 дахь км замд өртөө барьж, хоёр замыг холбоно.

1956  оны нэгдүгээр сарын 4-нд манай улс БНХАУ-ын хилтэй анхны галт тэргээ Замын-Үүд-Эрээн боомтоор солилцсон түүхтэй. Одоо энэ боомтоор манай улсын уул уурхайн экспортын бүтээгдэхүүнийг гаргасаар байна. Өнгөрсөн онд нийт 10.8 сая тонн ачааг экспортолж, 1.1 сая тонн ачаа импортолжээ. Энэ боомт хүчин чадалдаа тулчихсан. Эрээн өртөө өдөрт дээд тал нь 14 ачааны галт тэрэг хүлээн авна гэдгээ мэдэгдсэн тул манай техникийн хүчин чадал энэ тоогоор хязгаарлагддаг. Энэ боомтоор гаргах экспортоо нэмэх боломжгүй гэсэн үг юм.            

2014 онд БНХАУ Ханги боомтод дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлсэн. Бугат-Баян-Овоо-Мандал чиглэлийн төмөр замыг тавьчихсан. Манай хилээс арван км-ын цаана хятадын төмөр зам бий. Яамны ажлын хэсэг хил холболтыг 2017 оноос хойш хятадын талтай хэлэлцэж байна. Одоо байгаа  авто замын боомтоос баруун тийш 3.4 км орчимд холбох боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлтийг мэргэжлийн хүмүүс гаргасан. Өнөөдрийн байдлаар манай улс БНХАУ-ын Баяннуур аймагтай нүүрсний худалдаа хийж байна. Таван толгойн бүлэг ордоос олборлосон нүүрсийг  авто замаар тээвэрлэсний дараа сэлгэж ачин, Баяннуур дахь нүүрс угаах үйлдвэрүүдэд хүргэдэг. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг холбосны дараа бид Бугатын угаах үйлдвэрүүд буюу нүүрсний эцсийн хэрэглэгчидтэй шууд харилцах боломжтой. Нэг худалдан авагчтай байхад үнэ буулгах талтай байсан бол олон гарцтай болсноор олон худалдан авагчтай болж, нүүрсний үнээ өсгөх, цаашлаад татварын орлогоо өсгөх боломжтой гэв.                    ЗҮҮН БАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ БАРЬСАН ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ           

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг 2010 онд УИХ-ын 32 дугаар тогтоолын хавсралтаар баталсан. 2018 оны 71 дүгээр тогтоолоор Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барих талаар нэмж тусгажээ.
УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн "Алсын хараа-2050" бодлогын баримт бичгийн 8.1.3 дахь заалтад стратегийн орд газруудыг хилийн боомттой холбосон төмөр зам барих, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэх зорилгоор Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барихаар тусгасан.

“Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.6.1.1-т“...Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг эхлүүлнэ.”

УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтын гурав дугаарт “...Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын сүлжээг байгуулах төсөл”
Засгийн газрын энэ оны 28 дугаар тогтоолоор “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг концессын шууд гэрээ байгуулах” байгуулах замаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

УБТЗ компанид тээврийн компаниуд энэ жил 60 тонн ачаа тээвэрлүүлэх захиалга өгчээ. Эрээн боомтын хүчин чадлаас улбаалан УБТЗ жил бүр бүх захиалгаа биелүүлж чаддаггүй байв. Харин Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор тээврийн хэмжээ өснө.      

Мөн Дорноговь аймгийн уул уурхайн төслүүдийг эргэлтэд оруулах, цаgшлаад манай уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэх  шинэ зам ашиглалтад орох нь. Энэ замаар эхний ээлжид нийслэл рүү сайжруулсан шахмал түлшний гол түүхий эд болох мидлинг тээвэрлэнэ. Цаашдаа энэ замыг ашиглаж эхэлснээр шууд, шууд бус замаар 1300 хүн ажлын байртай болох тооцоог ЗТХЯ хийжээ. Шороон замаар тээвэр хийхэд малчид бэлчээр сүйтгэлээ, тоосжилт, чимээ үүсгэлээ хэмээн гомдол гаргадаг байсан бол төмөр замтай болсноор хүрээлэн буй орчинд ч эергээр нөлөөлнө. Энэ төмөр замаас 50-100 км-ын радиуст олон уурхай бий тул тэд өөрсдөө зам тавьж, үндсэн төмөр замтай холбогдох боломжтой юм.

ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БУСАД  АЧ ХОЛБОГДЛУУД

Сайншандаас БНХАУ-ын Бугат хотын чиглэлд төмөр замын тээврийн зай 242 км-ээр богиносно.

Монголын нутгаар тээвэрлэх зай 146 км-ээр нэмэгдэж, Хятадын нутгаар тээвэрлэх зай 388 км-ээр багасна.

Төмрийн хүдрийн Хятадын нутаг дэвсгэр дэх төмөр замын тээвэрлэлтийн өртөг тонн тутамд 9.4 ам.доллараар буурч, (өнөөгийн тээвэрлэлтийн хэмжээгээр тооцоход нийт 66 сая ам.доллар), Монголын нутаг дэвсгэр дэх төмөр замын тээвэрлэлтийн өртөг тонн тутамд 6 ам.доллараар нэмэгдэж байна (жилд 7 сая тоннд 42 сая ам.доллар). Ингэснээр гадагшаа чиглэсэн валютын урсгал дотоодод үлдэнэ.

Төмөр зам дагуу суурьшлын бүс бий болно.

Өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг хангана.