Ардчилсан намын даргын сунгаа ирэх дөрөвдүгээр сарын 6-нд товлогдоод буй. Тиймээс тус намын Сонгуулийн хороо өнөөдөр /2022.03.10/-аас эхлэн намын даргад нэр дэвшигчдээ бүртгэж эхлээд буй. Тэгвэл тус намын даргад УИХ-ын гишүүн Н.Батсуурь өрсөлдөхөө илэрхийлж, бүртгүүлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга мөн өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Түүний бүртгүүлэх хүсэлтийг Ардчилсан намын Хэрэг газрын дарга асан П.Нүрзэд Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалд дөнгөж сая хүлээлгэж өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Ардчилсан намаас татгалзсан бөгөөд Ерөнхийлөгчөөс бууснаас хойш Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Сонирхуулахад, Ардчилсан нам С.Эрдэнэ, О.Цогтгэрэл тэргүүтэй хоёр хуваагдсан бөгөөд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын намын даргад өрсөлдөхөөр бүртгүүлж буй Ардчилсан намын даргын сонгууль нь О.Цогтгэрэл талынх юм.