С.Эрдэнэ: АН-ын эрх мэдлийг булаацалдах өөр санаа зорилготой хэсэг бүлэг хүмүүс байгааг үгүйсгэхгүй.

A- A A+
С.Эрдэнэ: АН-ын эрх мэдлийг булаацалдах өөр санаа зорилготой хэсэг бүлэг хүмүүс байгааг үгүйсгэхгүй.

АН-ын удирдлагууд өнөөдөр (2022.03.10) Улсын дээд шүүхэд Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлжээ.

Тодруулбал, Ардчилсан намын ээлжит бус XIII их хурал 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдөр хуралдаж, 21 аймаг, 330 сум, есөн дүүргийн 1192 төлөөлөгч Ардчилсан намын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж баталсан. Тус хурлаас гарсан Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг ийнхүү Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр болсон байна.

Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “АН сая ээлжит бус их хурлаа хуралдуулж, шийдэх ёстой асуудлаа шийдвэрлэсэн. Энэ дагуу УДШ-д АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг өргөн барьж байна. Дүрмийн өөрчлөлтийн хувьд нэлээн удаан “хийсэн”. Аймаг, дүүргийн намуудаар хэлэлцүүлсэн. Монголд хууль эрх зүйн хувьд сөрөг хүчин ганцхан АН байгаа. АН-ын эрх мэдлийг булаацалдах өөр санаа зорилготой хэсэг бүлэг хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Тэр хүмүүсийн явуулж буй үйл ажиллагаа хууль эрх зүйн хувьд ямар ч боломжгүй.

Хоёрдугаар сарын 16-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрээр С.Эрдэнэд байгаа тамга тэмдэг хүчинтэй байгаа. Нөгөө талд хүчингүй болсон тамга тэмдгийг ашиглах боломжгүйг тогтоосон. Ингэснээр давж заалдах эрхгүйгээр Захиргааны хэргийн шүүхээс эцсийн шийдвэр гарсан. Хоёр тамга, хоёр нам гэж байхгүй. Шүүхийн шийдвэрээр нэг л нам үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгох ёстой” гэлээ.