Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2022.05.20/ боллоо. Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ардчилсан намын хүсэлт болон Иргэдийн оролцооны нэгдэл нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцлээ. Хуралдаанаар АН-ын даргаар бүртгүүлэх тухай Х.Баттулгын хүсэлтийг эргүүлэн татсан учраас хэлэлцэх боломжгүй болсон байна. Дээд шүүхээс хүсэлтийг хянаж үзээд "Хуулийн шаардлагад нийцсэн бүрдүүлбэр хангаагүй" гэсэн үндэслэлээр хэлэлцэхээс татгалзжээ.
Учир нь Дээд шүүхийн хуралдааны дэг батлах тухай хуульд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж заасан байдаг.
Тодруулбал, тус хуулийн 20 дугаар зүйлд Дээд шүүхийн ерөнхий шүүгч танхимын тэргүүн шүүгчид, шүүгчид эсэргүүцэл, Ерөнхий прокурор эсэргүүцэл дүгнэлтээ хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө буцаан авах эрхтэй. Илтгэгч тухайн хэргийг илтгэж эхэлснийг хэрэг хэлэлцэж эхэлсэнд тооцно. Эсэргүүцэл дүгнэлтээ буцааж авсан тухайгаа хуралдааны нарийн бичгийн даргад эсвэл хуралдаанд амаар буюу бичгээр мэдэгдэнэ. 21 дүгээр зүйлд зааснаар нэгэнт хэрэг хэлэлцэж эхэлсэн бол хуралдаан ердийн журмаар хэлэлцэж тогтоол гаргах бөгөөд хэрэг хэлэлцэх явцад эсэргүүцлээ буцааж авахгүйгээр харин эсэргүүцэл, дүгнэлтээ дэмжихээс татгалзаж болно. 22 дугаар зүйлд тусгаснаар Эсэргүүцэл, дүгнэлтийг буцааж авсан бол түүнийг гаргаагүйд тооцож хэргийг зохих шүүхэд нь хүргүүлэн холбогдох байгууллага, хүмүүст мэдэгдэнэ. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн шүүгчид, шүүгчид ерөнхий прокурор эсэргүүцэл, дүгнэлтээ буцааж авсан нь хуралдаанд энэ асуудлаар дахин эсэргүүцэл, дүгнэлт бичихэд саад болохгүй гэх заалттай.
Монгол Улсын дээд шүүхээс үүнтэй холбоотойгоор өчигдөр мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд, Ерөнхий шүүгч, шүүгчид рүү чиглэсэн, олон нийтийг зориуд төөрөгдөлд оруулах мэдээ, мэдээллийг Ардчилсан намын зарим гишүүд, нэр бүхий улс төрчид түгээж, намын дотоод маргаанаа шийдвэрлэхийг эрмэлзэхийн оронд энэхүү маргаандаа шүүхийн байгууллагыг хамаатуулж, шүүхийн үйл ажиллагаанд урьдчилан нөлөөлөх зорилготой аливаа оролдлогыг удаа дараа гаргасан. Иймд Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хүндэтгэж, шүүхээс хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нөлөөлөхгүйгээр асуудалд ухамсартай, ёс зүйтэй, хариуцлагатай хандана уу гэсэн юм.