Уяачид "Монгол наадмаа авч үлдье" уриан дор талбайд жагсана

A- A A+
 Уяачид

“Бүгдийг худалдаад дууслаа. Монгол наадмаа авч үлдээе “ морьтой тайван жагсаал зохион байгуулах талаар өнөөдөр /2022.05.26/ Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийлээ. 

Тус холбооны төлөөлөл "Засгийн газар /2019.01.05/ өдрийн тогтоолын дагуу Үндэсний баяр наадмын хууль өргөн барих 37 дугаар тогтоол байдаг. Энэ тогтоол хэрэгжих асуудал өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ХЗДХ сайд Х.Нямбаатар өргөн барьсан. Энэхүү тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн хоёр заалтыг ноцтой зөрчиж байна. Тодруулбал, Үндсэн хуулийн 5.1 заасан Мал сүрэг төрийн хамгаалтад байна,  7.1 заасан Соёлын өв төрийн хамгаалтад байна гэсэн энэхүү заалтуудыг зөрчиж байна.

Үндэсний их баяр наадмын нэг төрөл морин уралдаанд уралдах морьдыг сэрвээний өндрөөр хэмжих нь буруу юм. Хэрэв сэрвээний өндрөөр хэмжиж уралдвал зөвхөн эрлийз морины уралдаан болно. Өнөөдөр 210 мянга гаруй малчин өрх,  монгол малчин ардын наадам Монголоороо наадамлах боломжгүй боллоо. Монголын уяачдын холбоо өмнө нь салбарын сайд Х. Нямбаатартай уулзах хүсэлт удаа дараа тавьсан боловч татгалзсан хариу өгсөн. Тийм учраас Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо /2022.06.06/-ны өдөр Сүхбаатарын талбайд морьтой тайван жагсаал хийнэ. Шаардлагатай бол цаашдаа суулт хийнэ" гэдгээ мэдэгдэв.