УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Монгол Улсын хилээр гарахыг нь хориглох саналыг прокуророос шүүхэд ирүүлжээ. Шүүх хуралдааныг 15:00 цагт товлосон боловч танхимын хүрэлцээгүй учраас хойшилсон байна.
Нийслэлийн Прокурорын газраас УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2022.5.30/ хэлэлцлээ. Улмаар яллагдагч Ё.Баатарбилэг, Х.Ганхуягт нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох болон нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.
Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр, мөн Х.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр авч хэлэлцсэн байна.