“Амгалан дулааны станц” -ийн хүчин чадлыг 116МВт-аар өргөтгөлөө

A- A A+
 “Амгалан дулааны станц” -ийн хүчин чадлыг 116МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Эрчим хүчний сэргэлтийн зорилтын хүрээнд Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах томоохон арга хэмжээ, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн хэрэглээний 11 хувь буюу нийт 458.5 Гкал/цагийн дулааны тооцоот ачаалал бүхий “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн хүчин чадлыг 116МВт-аар өргөтгөх төслийн нээлт өнөөдөр /2022.06.16/ боллоо.

Арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрчим хүчний тусгаар тогтнол, бие даасан байдлыг бий болгож чадахгүй бол хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ярих ямар ч боломжгүй. Өнөөдөр эхлүүлж буй Амгалангийн дулааны станцын өргөтгөлийн төсөл хэрэгжсэнээр цагт 116МВт дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, нийслэл Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувь амьдардаг Баянзүрх дүүрэг болон Улиастай орчмыг дулааны найдвартай эх үүсвэрээр хангана. Улмаар нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах бүтээн байгуулалт, хөгжлийн төслүүд хэрэгжих суурь нөхцөлийг бий болгож чадна. Мөн Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31 хувийг хангадаг Дулааны III цахилгаан станцын ачааллыг хуваалцаж, тус станцын хоёрдугаар шатны өргөтгөлийн ажлыг эхлүүлэх боломж бүрдэнэ” гэдгийг онцоллоо.

Төслийн хүрээнд байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай дэвшилтэт технологийн ус халаалтын 116МВт хүчин чадалтай нэг зуухаар өргөтгөнө. 65.6 тэрбум төгрөг төсөвт өртөг бүхий барилга угсралтын ажлыг 16 сарын хугацаанд дуусган, ашиглалтад хүлээлгэн өгөх юм.

Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Хунан индустриал экүйпмент инсталэйшн” ХХК-тай гэрээ байгуулсан. Төслийн гүйцэтгэгч нь Монгол Улсын эрчим хүчний салбарт Дулааны гуравдугаар цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөл, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 МВт-ын өргөтгөлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Энэхүү төсөл хэрэгжсэнээр:

• Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг болон Улиастай орчмын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангана

• Эх үүсвэр хооронд ачаалал шилжүүлэх боломж бүрдэх бөгөөд хотын сүлжээг оновчтой схемээр ажиллуулснаар “ДЦС-3” ТӨХК-ийн 250 МВт-ын өргөтгөлийн ажлыг хэрэгжүүлэх техникийн боломж бүрдэнэ

• Амгалан дулааны станцын өргөтгөлтэй уялдан хотын зүүн хэсгийн 40 гаруй халаалтын зуухыг зогсоож, түүнээс хангагддаг барилга, байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжид холбох техникийн боломж бүрдэж, агаарын бохирдлыг бууруулна

• Станцын үйлдвэрлэлийн хэмжээ 1.1 сая Гкал/ц хүртэл нэмэгдэнэ

• Өргөтгөл ашиглалтад орсноор тогтмол 20 ажлын байр, барилга угсралтын ажлын үед 200 гаруй түр ажлын байр тус тус нэмэгдэх ач холбогдолтой.