Эрчим хүчний сайд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д ажиллалаа.

A- A A+
 Эрчим хүчний сайд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д  ажиллалаа.

Эрчим хүчний яамны удирдлагууд салбарын үйлдвэр, компаниудад ажиллаж байна. Энэ хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д эрчим хүчний сайд Н.Тавинбэх, дэд сайд М.Баярмагнай, эрчим хүчний яамны газар, хэлтсийн дарга нар болон Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Э.Түвшинчулуун нар ажиллалаа. Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт багтан хийгдсэн болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Шинэ сэргэлтийн бодлогод эрчим хүчний салбарт хийгдэх ажлууд, хэмнэлтийн тухай хууль болон салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.

Уулзалтыг нээж эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Дэлхийн нийтэд үүсээд буй цар тахал болон дайнаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй үед ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр эрчим хүчээр найдвартай хангах үйлсээ хариуцлагатай биелүүлж, дулааны VIII магистраль шугамын өргөтгөл, шинэчлэл болон 5в-12а магистралийн холбоос шугам шинээр барих ажлыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, өвлийн их ачааллыг давахад ачааны хүндийг үүрэлцсэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хамт олон та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, эрчим хүчний салбарын хамт олны өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

Мөн байгууллагын инженер техникийн ажилчидтай нээлттэй ярилцаж, сонирхсон асуултуудад хариулт өглөө. Дулааны шугамын хамгаалалтын зурвас газрыг тодорхой болгох, бага чадлын дулааны эх үүсвэр барих, дулааны алдагдлыг бууруулах төлөвлөгөөт ажлыг төрөөс дэмжин батлах, салбарын хэмжээнд нэгдсэн зураг төслийн институц байгуулах, эх үүсвэр, дэд бүтцийн ачаалалтай уялдуулж техникийн нөхцөлийг түр хугацаанд зогсоох, салбарын хэмжээнд засварын үйлдвэрийг сэргээн байгуулах, орон сууцны конторуудтай хийх гэрээг сайжруулах, ажлын уялдааг нэмэгдүүлэх болон бусад ажил хэрэгч саналыг хэлж байсан юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдрийн уулзалтыг “АЖИЛ ХЭРЭГЧ” хэмээн тодотгож, заалнаас гарсан саналуудыг судалж, ажил хэрэг болгохоо илэрхийлж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгсөн юм.

Уулзалт хуваарийн дагуу энэ 05 дугаар сард “Амгалан дулааны станц” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Дулааны цахилгаан станцууд болон орон нутгийн салбарын байгууллагуудад үргэлжилэн хийгдэх юм.