“Ээлтэй орчин - Эрүүл ирээдүй” хэлэлцүүлэгт эрчим хүчний салбарынхан нэгдлээ.

A- A A+
“Ээлтэй орчин - Эрүүл ирээдүй” хэлэлцүүлэгт эрчим хүчний салбарынхан нэгдлээ.

“Ээлтэй орчин - Эрүүл ирээдүй” хэлэлцүүлэгт эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын төлөөлөл танхимаар болон цахимаар оролцож дуу хоолойгоо нэгтгэлээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар оролцсон.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлэлцүүлгийг нээж “Хүүхдэд ээлтэй орчныг бүрэн бүрдүүлэхэд салбар болон хууль тогтоомжийн зохицуулалтад тулгамдаж буй асуудлууд түүнийг цаашид хэрхэн шийдвэрлэх гарц, шийдлийг тодорхойлсон хэлэлцүүлэг болно гэдэгт итгэлтэй байна” гэдгийг гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн гэрэлт ирээдүйн төлөө хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр нөлөөг үнэлж, хүүхдийн эрхийг хамгаалах холбогдох хуулиудад эрх зүйн томоохон шинэчлэл хийж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор салбар бүр хүүхдийн эрхэд суурилсан зарчмыг баримталж, 2022 оны үйл ажиллагааг хүүхдэд ээлтэй орчныг нэмэгдүүлэхэд чиглүүлж ажиллахыг үүрэг болгосон.

Энэ хүрээнд “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чуулган”-ыг үндэсний хэмжээнд 2022 оны 05 дугаар сард зохион байгуулахтай холбогдуулан Эрчим хүчний салбар дахь хүүхдийн асуудлаар хүлээсэн үүрэг, цаашид хүүхдийн эрх хамгаалах, ээлтэй орчин бүрдүүлэх гарц, шийдэл тодорхойлох хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Эрчим хүчний салбарын нийт 27 үйлдвэр компанийн ажилтан, албан хаагчдын хэмжээнд статистик тоон үзүүлэлтээр нийт 14573 хүүхэд байгаагаас сургуулийн өмнөх насны 4923 буюу 33 хувь, сургуулийн насны 9650 буюу 67 хувь байна. Сургуулийн өмнөх насны 4923 хүүхдээс 1329 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй судалгаа гарсан төдийгүй гарах гарц, шийдлийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хүүхдийн асуудлаар хүлээсэн үүрэг, хүүхдийн эрх хамгаалах, ээлтэй орчин бүрдүүлэх гарц, шийдлээ тодорхойлох, энэ хэлэлцүүлгээс гарсан үнэтэй санал, зөвлөмж, уриалгыг салбарын хэмжээнд бодитой ажил хэрэг болгохын төлөө холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, батлуулахад бодлогын хэмжээнд дэмжиж, хамтран ажиллахаа төлөөлөгчид санал нэгтэйгээр дэмжсэн юм.