МИАТ ТӨХК JU-1021 агаарын хөлгөө өмчлөлдөө хүлээн авлаа

A- A A+
МИАТ ТӨХК JU-1021 агаарын хөлгөө өмчлөлдөө хүлээн авлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа JU-1021 бүртгэлийн дугаартай B767-300ER агаарын хөлгийн түрээсийн төлбөрийг хугацаанаас нь өмнө барагдуулж 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авлаа.

МИАТ компани JU-1021 бүртгэлийн дугаартай B767-300ER агаарын хөлгөө өөрийн өмчлөлдөө ийнхүү бүрэн шилжүүлэн авснаар уг агаарын хөлгийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ашиглах эрхтэй болж байна.

МИАТ ТӨХК нь АНУ-ын EXIM банкны баталгаатай зээлийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулж, Монгол Улсын гадаад өрийг тодорхой хэмжээгээр буруулж, Монгол Улсын Засгийн газар болон Сангийн яамны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэлээ.

МИАТ ТӨХК ийнхүү В767-300ER агаарын хөлгийнхөө гадаад зээлийг хааж дуусгаснаар ОХУ, Украин улсын хооронд үүсээд байгаа асуудлаас шалтгаалан Франкфурт чиглэлийн нислэгийн зай 2 талдаа 5 орчим цагаар уртассан байсныг багасгаж хуучин хэвэнд нь оруулах боломж бүрдлээ. Өөрөөр хэлбэл манай Франкфурт чиглэлийн нислэг эргээд ОХУ-ын агаарын хилээр дамжин өнгөрөх боломжтой болж байгаа юм. Энэ нь МИАТ компанид Европын чиглэлийн нислэгийн зардлыг бууруулах төдийгүй зорчигч үйлчлүүлэгчийн цаг завыг хэмнэж байгаа юм.