ЭХЭМҮТ-д элэг шилжүүлэх мэс засал анх удаа амжилттай хийжээ

A- A A+
ЭХЭМҮТ-д элэг шилжүүлэх мэс засал анх удаа амжилттай хийжээ

Эх  хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв  /ЭХЭМҮТ/-д 2022 оны зургадугаар сарын 19-ний өдөр долоон настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Энэ нь Монгол Улсад хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан долоо дахь мэс засал бөгөөд ЭХЭМҮТ-д хийсэн анхны мэс засал аж.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасаг болон УНТЭ-ийн дэргэдэх мэс засалч О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан хамтран энэ нарийн түвэгтэй мэс заслыг амжилттай хийж, охин хүнд өвчнөөсөө салжээ. Тодруулбал, долоон настай охины ээж охиндоо донор болсон бөгөөд эх, хүүхдийн бие сайн байна. Одоогоор охинд элэг шилжүүлэн суулгасан учраас мэс заслын дараах эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна. Харин донор болсон 29 настай ээжийнх нь бие сайжирч эмнэлгээс гарчээ.

Охин цөсний  битүүрэлтэй төрсөн бөгөөд төрөөд 45-хан хоногтой байхдаа тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт элэг шилжүүлэн суулгах мэс заслын урьтал хагалгааг хийлгэж, эмчийн хяналтад өнөөг хүртэл байсан аж. Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах энэ мэс заслын өртгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцжээ.