Их эзэн Чингис хааны эш хөргийг залахын учир шалтгааныг Ерөнхийлөгч маргааш суралцагчдад тайлбарлана

A- A A+
Их эзэн Чингис хааны эш хөргийг залахын учир шалтгааныг Ерөнхийлөгч маргааш суралцагчдад тайлбарлана

2022 оны 9 дүгээр сарын 1-н буюу Пүрэв гарагт улс орон даяар хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан 2020, 2021 онд хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдаагүй юм.

Энэ жилийн хувьд боловсролын байгууллагууд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийх нь. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч 9 дүгээр сарын 1-нд суралцагчдад зориулан хичээл заадаг уламжлалтай болсон.

2022-2023 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их эзэн Чингис хааны эш хөргийг залахын учир шалтгааныг тайлбарлах бол Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир "Чингис хаан ба Монголын их амар амгалан" сэдвээр хичээл заах юм байна. Уг тайлбар болон хичээлийг телевизүүд орон даяар дамжуулах аж.

Сануулахад Ерөнхийлөгч үндэсний их баяр наадмаар Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан.

ЗАРЛИГТ:

“Эдүгээгээс 860 жилийн тэртээ дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Тэмүүжин мэндэлж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулан, Монголын Эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, монгол үндэстний суу алдрыг бадраасан Эзэн Богд Чингис хаан болон өргөмжлөгдөж, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоосон билээ.

Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:

Нэг. Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай.

Хоёр. Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай.

Гурав. Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай.

Дөрөв. Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай” гэжээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч маргааш МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт болон шинэ байрны шав тавих ёслолд оролцох мэдээлэл байна.