ЗТХ-ийн сайд С.Бямбацогт: Агаарын тээвэрлэгчид гадагшаа нэг цонхоор харж, нэгдмэл ажиллаж чадвал төрөөс дэмжихэд бэлэн

A- A A+
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт:  Агаарын тээвэрлэгчид гадагшаа нэг цонхоор харж, нэгдмэл ажиллаж чадвал төрөөс дэмжихэд бэлэн

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Бямбацогт өнөөдөр ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлага, хамт олон болон агаарын тээвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэв.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан салбарын нөхцөл байдлыг эхлээд танилцууллаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр олон улсын нислэгийн чиглэл, тоо, зорчигч урсгал эрс багассан. Үүнийг дагаад салбарын эдийн засгийн дийлэнх хувийг бүрдүүлдэг навигацийн хураамж буурсныг хэллээ. Тухайлбал, ковидоос өмнөх үе буюу 2019 онд гэхэд 133 мянган агаарын хөлгийг улс дээгүүрээ нисэн өнгөрүүлж, нийт 320 тэрбум төгрөгийн орлого олж, үүнээс улсын төсөвт 156 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ үзүүлэлт 60-90 хувь буурсан.  Үүн дээр нэмээд энэ оны хоёрдугаар сараас эхлэн олон улсын нөхцөл байдлын нөлөөгөөр навигацийн үйлчилгээ 80 хүртэлх хувиар буураад байна.

Салбарын энэ нөхцөл байдлыг хурдан хугацаанд сэргээх зорилгоор салбарын мэргэжилтнүүд, үе үеийн удирдлага, хамт олны санал, судалгаанд тулгуурлан “Хил хязгааргүй нисэх” бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Салбарын эрх зүйн байдлыг шинэчлэх, Монгол Улсын агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлж, агаарын тээврийн компаниудад аюулгүй, эдийн засгийн үр ашигтай үйлчилгээ үзүүлэх, үндэсний агаарын тээвэрлэгчдийг нэгдсэн нэг бодлогоор хангах, бага оврын агаарын тээврийг хөгжүүлэх, салбарын гол хүч нь “ХҮН” байдаг тогтолцоог бүрдүүлэх,  төв орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх гэсэн зургаан дэд бодлоготой “Хил хязгааргүй нисэх” бодлогыг 2025 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Салбарын өмнө тулгамдаад байгаа асуудлын талаар ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан танилцуулахдаа “Газрын тосны бүтээгдэхүүний импорттой холбогдолтой агаарын хөлгийн түлшний тасалдал, хомсдол үүсч, агаарын хөлгийн түлшний ханган нийлүүлэгч, импортлогчдын нөөц бүрдүүлэлт хангалтгүй, хараат байдлаас шалтгаалан шатахууны үнэ өсч байна. Үүнээс үүдэн агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зардал нэмэгдэх, хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх нөхцөл бүрдээд байна. Мөн агаарын навигацийн орлогыг нэмэгдүүлэхэд шинэ агаарын хаалга нээж, нислэгийн шинэ чиглэлүүдийг тогтоож ашиглах нь нэн чухал шаардлагатай байгаа” гэлээ.

Мөн төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, салбарын хэмжээнд  19.2 тэрбум төгрөгийн хэмнэлтийг өнөөдрийн байдлаар хийгээд байгаа юм. Нэг үгээр хамгийн бага зардлаар аюулгүй байдлыг хамгийн өндөр түвшинд ханган ажиллаж байгааг салбарын сайдад танилцууллаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт салбарын нөхцөл байдалтай танилцаад хэд хэдэн чиглэлээр анхаарах шаардлагатайг хэллээ. Юун түрүүнд Агаарын тээврийн салбар нь улс орны нэн чухал салбарын хувьд нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаанд дээд зэргээр анхаарч ажиллахыг ИНЕГ болон агаарын тээвэрлэгчдэд санууллаа. Хоёрдугаарт агаарын тээворийн либералчлалд анхаарах. Хэрхэн олон чиглэлд, хямд үнээр, тав тухтай шууд нислэг үйлдэх вэ гэдэг дээр агаарын тээвэрлэгчид нэгдэж, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан ажиллах хэрэгтэй гэлээ. Ялангуяа орон нутгийн нислэгийн тоо, үнэд онцгой анхаарах цаг болсныг хэлээд “Манай үндэсний агаарын тээвэрлэгч компаниуд хоорондоо өрсөлдөх биш гадагшаа нэг цонхоор харж, нислэгийн чиглэлээ нэмэгдүүлэх, тийзний үнээ бууруулахад нэгдмэл нэг бодлогоор ажиллах хэрэгтэй байна. Ингэж чадвал Засгийн газраас дэмжихэд бэлэн байна. Цаашид гадны авиа компаниудтай харилцан ашигтай ажиллах бодлого барина. Сайдын хувьд салбарын хуулийн шинэчлэл дээр анхаарч, УИХ-аар батлуулахын төлөө ажиллана. Ард түмэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг нэгд тавьсан, хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийг тусгасан хууль батлуулна” гэсэн юм.

Сайдын зүгээс салбарын өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах ямар шийдэл байна, үүнд төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар тодорхой санал боловсруулж танилцуулахыг ИНЕГ-ын дарга, удирдлагуудад үүрэг болголоо. Мөн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйлчилгээ, үйл ажиллагааг сайжруулж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, зорчигчдын тав тухыг хангах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Уулзалтын төгсгөлд агаарын тээвэрлэгчид болон оролцсон албан хаагчид салбарын сайдад санал хүсэлтээ хэлэн, нээлттэй ярилцлаа.

Үүний дараа Зам, тээврийн хөгжлийн сайд болон холбогдох хүмүүс ИНЕГ-ын шинээр баригдаж буй оффисын барилгын ажилтай танилцаж, тулгарсан асуудлыг сонслоо.