ЭХ-НИЙ ДЭД САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ДУЛААНЫ ШУГАМ, ТОНОГЛОЛЫН ЗАСВАРЫН АЖЛУУДТАЙ ТАНИЛЦАЖ, ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

A- A A+
ЭХ-НИЙ ДЭД САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ДУЛААНЫ ШУГАМ, ТОНОГЛОЛЫН ЗАСВАРЫН АЖЛУУДТАЙ ТАНИЛЦАЖ, ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан Цахилгааны хэлтсийн дарга Ш.Ганзориг, Дулааны хэлтсийн шинжээч Д.Төртулга  нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг удирдамжийн дагуу “УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан, Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал, ҮХХ-ийн дарга Б.Эрдэнэбаяр, Төсөл хэрэгжүүлэх албаны дарга С.Мөнхбаяр болон бусад инженер техникийн ажиллагсадтай хамтран нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн шугам тоноглолд хийгдэж буй зуны засварын ажлуудын гүйцэтгэлийн явц, техник ашиглалтын үйл ажиллагаатай  танилцаж, үзлэг шалгалтыг хийж, халаалтын улирал эхлэхээс өмнө дулааны шугамын засварын ажлуудыг дуусгах талаар албаны холбогдох хүмүүст хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа. Үүнд:

Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй 5а магистраль “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-иас дулааны худаг Тк-1699-р цэг хүртэлх 2Ф800мм голчтой 2.8 км урттай дулааны шугамыг 2Ф1000мм голчтой болгон өргөтгөн шинэчлэх 5 багц ажлаас 4 багц ажлын гүйцэтгэгч “Энерго сервис монтаж” ХХК, “Бумбод” ХХК, “ЧММ”  ХХК-ийн ажил батлагдсан графикийн дагуу 60-70%-ийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Харин хил гаалийн асуудлаас шалтгаалж бараа материал хоцорч ирснээр төлөвлөгөөт ажил нь удаашралтай явж  байгаа Багц-1-ийн ажлыг эрчимжүүлэх талаар “Энерго сервис монтаж”   ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Пүрэвдоржид тусгайлан үүрэг даалгавар өглөө.  Мөн Эрчим хүчний дэд сайд тус багцын ажилд шаардлагатай бараа материалын хил гааль, тээвэрлэлтийн асуудлын талаар Гадаад хэргийн яамны холбогдох мэргэжилтнүүдтэй холбогдож анхаарч хамтран ажиллах талаар мэдэгдсэн.                                5а магистраль нь Дулааны гуравдугаар цахилгаан станцын Дунд даралтын станцаас гарсан гол магистраль шугам бөгөөд тус шугам угсралтын ажлыг                09 дүгээр сарын 01-ний дотор дуусгаж, шугамыг ажиллагаанд залгах үүрэг даалгавар өгсөн бөгөөд гүйцэтгэгч болон бусад байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулан нэгдсэн удирдлагаар бүрэн хангаж ажиллах чиглэлийг Төсөл хэрэгжүүлэх нэгжид өгч ажилласан.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй LOT-1.4 8б магистраль буюу дулааны худаг ТК-802 дугаар цэгээс ТК-824 дүгээр цэг хүртэлх /1 дүгээр хороолол Саппорогийн уулзвараас 10 дугаар хороолол Жаст ойлын шатахуун түгээх станц/  2Ф500мм голчтой 680 хос.метр урттай шугамыг 2Ф600мм голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлын гүйцэтгэгч Рутан ХХК-ийн шугам угсралтын ажлыг газар дээр нь үзэхэд 40%-ийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Гадаадаас татан авах бараа материалын тээвэрлэлт зогсонги байдалд орсноор төлөвлөгөөнөөс хоцорч шугам угсралтын ажил удаашралтай явж байна.                 Угсралтанд шаардлагатай Ф600мм голчтой дулааны шугамыг дотоодын зах зээл болон бусад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниудаас нийлүүлэх боломжийг судлах үүрэг чиглэлийг албаны холбогдох хүмүүст өгч тус шугамын барилга угсралтын ажлыг 09 дүгээр сарын 15-ны өдөр буюу халаалт залгахаас өмнө бүрэн дуусгаж ажиллагаанд залгах талаар анхааруулав.

“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн 210 мВт-ын дулааны дэд станцаас Узель-18 хүртэлх 2Ф800мм голчтой 4200 хос.метр урттай шугамын угсралтын ажлыг гүйцэтгэгч “БСД-ОД” ХХК нь 2015 онд эхлүүлсэн боловч хөрөнгө санхүү, шүүхийн маргаантай асуудлын улмаас шугам угсралтын ажил зогсонги байдалд орж өнөөдрийн байдлаар 64%-ийн гүйцэтгэлтэй, шугам угсралтын ажил бүрэн дуусаагүй байна.  Ажлын хэсэг шугам угсралтын дутуу ажлуудыг газар дээр нь үзэж танилцсан бөгөөд цаашид шугамын угсралтын ажилд шаардлагатай бараа материалыг зөөж шилжүүлэн ажлын талбайд буулгах, бэлтгэл ажлыг бүрэн хангах, үүнтэй холбоотой гарах зардлыг “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК бүрэн хариуцах талаар даалгаж, энэхүү ажлын шүүхийн маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэж 2023 онд ажиллагаанд залгахад холбогдох байгууллагуудтай хамтран анхаарч ажиллах талаар дурьдлаа.