БШУЯ: Сурагчдын амралтыг сунгах, хойшлуулах боломжгүй

A- A A+
БШУЯ: Сурагчдын амралтыг сунгах, хойшлуулах боломжгүй

Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзаж бүх шатны боловсролын байгууллагын хичээл эхлэх хуваарьт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэх саналыг иргэд цахим хуудаст бичиж буй. Тухайлбал, ирэх сарын 1-нээс сурагчдын амралтыг эхлүүлэх саналтай байгаагаа иргэд бичиж байна. Энэ нь боломжтой эсэхийг Боловсрол шинжлэх ухааны яамнаас тодрууллаа.

Яамнаас өгсөн мэдээллээр хичээлийн хөтөлбөр, хуваарьт өөрчлөлт ороогүй. Амралтыг наашлуулахгүй. Удахгүй амралт эхлэх гэж байна. Ирэх арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс амралт эхлүүлэх талаар огт яригдаагүй.

Цар тахал, цаг агаарын нөхцөл байдал хүнд байгаа ч боловсролын хөтөлбөр хуваарийн дагуу явна гэдгийг онцоллоо. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 19-нөөс эхэлж, нэгдүгээр сарын 30-нд дуусна. Улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн яам, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран сурагчдын амралтыг зургаан долоон хоног болгон сунгасан гэх мэдээлэл бий. Энэ талаар салбарын яам мөн дараах хариултыг өглөө.

Боловсрол шинжлэх ухааны яамнаас өгсөн мэдээллээр 2022-2023 оны хичээлийн жилийн бүтэц гэж бий. Тэр бүтцэд томуу, томуу төст өвчний дэгдэлтээс шалтгаалж сурагчдын амралтыг сунгах өөрчлөлт ороогүй.

Бүтцийн дагуу улирлын амралтууд товлосон хугацаанд үргэлжилнэ гэлээ.

ХИЧЭЭЛ, АМРАЛТЫН ХУВААРЬ  

I улирал  

Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны есдүгээр сарын 1-нд эхэлж, 16 долоо хоног суралцана.

Амралт: Бүх ангийн суралцагчид 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс зургаан  долоо хоног амарна. Амралт 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гүйцнэ.

II улирал  

Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны нэгдүгээр сарын 30-ний өдөр эхэлж, найман долоо хоног суралцана.

Амралт: Бүх ангийн суралцагчид 2023 оны гуравдугаар сарын 24-ны өдрөөс эхлэн  долоо хоног амарна. Амралт 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гүйцнэ.

III улирал  

Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ний өдөр эхэлнэ.

Амрах:   I-III ангийн суралцагчид найман долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр эхэлнэ.

IV-V ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.

VI-XII ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.