Суулт хийж буй иргэдэд хоёр цаг тутамд эрүүл мэндийн үзлэг хийж байна

A- A A+
Суулт хийж буй иргэдэд хоёр цаг тутамд эрүүл мэндийн үзлэг хийж байна

Хотын дарга Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн баг, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн багтай хамтарч жагсагчдад шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг тогтмол үзүүлж байна. Өнгөрсөн шөнө буюу арванхоёрдугаар сарын 12-13-нд шилжих шөнө суулт зарласан иргэдэд хоёр цаг тутамд үзлэг хийж, зөвлөгөө өгсөн юм.

Тодруулбал,

Шөнийн 00:00 цагийн байдлаар нийт 38 иргэнд эмнэлгийн үзлэг хийсэн бөгөөд үүнээс 15 хүний хоолой өвдсөн зовуурьтай, хоёр хүний толгой өвдөж, даралт ихэсжээ. Ийнхүү эмийн эмчилгээ хийж, зөвлөгөө өгсөн бол бусад хүний хувьд гемодинамик /цусны эргэлт/ тогтвортой байсан юм.

Шөнийн 02:00 цагийн үзлэгт суулт хийж буй хүмүүсийн олонх нь хамрагдахаас татгалзсан байна. Харин гурван хүн үзүүлж, нэг хүний даралт ихсэж, хоёр хүний хоолой өвдсөн зовуурьтай байлаа. Үзлэгт хамрагдсан иргэдэд эмийн эмчилгээ хийж, амин үзүүлэлтийг нь тогтворжуулан, зөвлөгөө өгч ажиллаа.

Шөнийн 04:00 цагийн үед суулт хийж байгаа иргэдээс нийт таван хүн эмчийн үзлэгт орсон бөгөөд хоёр хүний хоолой өвдсөн зовуурьтай, гурван иргэн томуу, томуу төст өвчинтэй байсан юм.

Үүрийн 06:00 цагийн үзлэгт суулт хийж буй иргэн, цагдаагийн албан хаагч зэрэг гурван хүн хамрагдсан бөгөөд үзлэг хийн, зөвлөгөө өгөөд байна.

Энэ мэтчилэн хоёр цаг тутамд жагсагчдад эрүүл мэндийн үзлэг хийн, зөвлөгөө өгч, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР