Бурхан багшийн их дүйчин өдөр 6 дугаар сарын 4-нд тохионо

A- A A+
Бурхан багшийн их дүйчин өдөр 6 дугаар сарын 4-нд тохионо

“Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн зуны тэргүүн сар тавдугаар сарын 20-нд эхэлсэн. Харин зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр ирэх долоо хоногт /2023.06.04/ тохиож байна. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай ч Ням гаригт таарч байгаа бөгөөд нийтийн арга хэмжээнүүд зохион байгуулагдах аж.

Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай. Тиймээс тухайн өдөр буян үйллэхийг эрхэмлэж, мацаг барих нь тустай байна.

Мөн тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг. Бурхан багшийн их дүйчэн өдөр нь билгийн тооллын зуны эхэн сарын 15-нд тохиодог. Энэ өдөр Бурхан багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гэсэн гурван үйл давхацдагаараа бусад дүйчэн өдрөөс машид онцлогтой. Эл өдөр нялхсыг баярлуулж, ядууст өглөг өгч, эцэг, эхийгээ ачилж, цагаан хоол идэж, хамаг амьтныг энэрч, нигүүлсэх сэтгэлээр хандан өнгөрүүлдэг. Энэ өдөр хийсэн буян мянга, түм арвижна гэж үздэг байна. 

Бурхан багшийн их дүйчин өдрөөр:

Нэг өдрийн сахил, мацаг, гэргийтний насан туршийн санваарыг авч сахих

Эцэг эхийн ачийг санах, амьд сэрүүн байгаа бол эрүүл энх, урт удаан наслахын тухайд залбирал ерөөл үйлдэх. Гомдоосон бол өршөөл уучлал гуйх, архи тамхи тэргүүтэн муу зуршлаа орхих амлалт авч баярлуулах. Хэрвээ эцэг эх нас нөхөцсөн аваас хойдын мөрд нь хурал ном айлтгах, бурхан шүтээн босгох, ядарсан доройд туслах, зул тахил өргөх,

Хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идэх

Ядуу, өвчтэй зовлонтой, төөрөлдөн  явагч хүмүүст эд зүйлсийн өглөг өгөх, эм эмчээр туслах, эрдэм мэдлэгийг түгээх

Асрал, энэрэл, бодь сэтгэлийг үүсгэх, бясалгах,

Бурхан багшийн намтар, үлгэрийн далай, бурхны шашны сургааль номлолыг унших, ухаарах, бясалгал бүтээл хийх, маань мэгзэм тэргүүтэн тарни, уншлагыг олноор тоолох,

Гал ус, дээрэм тонуул, араатан дайсны аюул нүүрлэсэн хүмүүсийг айдас хүйдсийн сэтгэлээс нь ангижруулахыг чухалчилдаг байна.