Н.Тавинбэх: Дулааны шугам сүлжээний засварын ажлын хүрээнд тунелийн системийг нэвтрүүлснээр жил бүр хийгддэг засварын ажил 20-25 жилийн хугацаанд огт хийгдэхгүй

A- A A+
Н.Тавинбэх: Дулааны шугам сүлжээний засварын ажлын хүрээнд тунелийн системийг нэвтрүүлснээр жил бүр хийгддэг засварын ажил 20-25 жилийн хугацаанд огт хийгдэхгүй

Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл нь ЭХЯ-ны захиалгаар хэрэгжиж байгаа ба ашиглалтын хугацаа дууссан дулааны шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх үр ашгийг дээшлүүлэх зорилготой төсөл юм. Төслийн үр дүнд, дулааны шугам сүлжээний найдвартай ажиллагаа сайжрах, ашиглалтын хугацаа нэмэгдэх, дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг байгаль орчин, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.

Тэгвэл энэ онд ХУД, ЧД, СБД, БГД, БЗД, СХД-үүдэд нийт есөн хорооны нутаг дэвсгэрт байрлах 4,8 км урттай зургаан магистраль шугамыг өргөтгөн, шинэчлэх ажлын явц одоогийн байдлаар нийт 85 хувьтай байгаа бөгөөд наймдугаар сарын 05-ны өдөр шугам угсралтын ажлыг дуусгахаар график төлөвлөгөөний дагуу явагдаж буй.

ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, ТХН-ийн зохицуулагч Э.Мөндөр, УБДС ТӨХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал болон гүйцэтгэгч компанийн захиралууд 4аб магистраль шугамын барилга угсралтын ажлын явцтай газар дээр нь танилцаж тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэн ажиллах талаар зөвшилцөж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан төслийн ажлын явцын талаар иргэд олон нийтэд мэдээлэл хүргэж, БУА-ыг нэг хоног ч алдалгүй дуусгахын тулд ажлын цагаа уртасгаж ээлж гаргах, ажиллах хүчний тоо, машин техникээ нэмэгдүүлэх, тохижилт нөхөн сэргээлтийн ажлыг урьд байсан нөхцөл байдалд нь оруулж бүрэн хийж дуусгах, ХАБЭА-н шаардлагыг бүрэн хангаж ажиллах талаар гүйцэтгэгч компаниудад зөвлөж, тулгамдаж байгаа асуудал байвал тухай бүр цаг алдалгүй мэдэгдэж байх талаар үүрэг даалгавар өглөө.