Л.Гантөмөр: АН нэр дэвшигчдээсээ ямар нэгэн дэнчин авахгүй

A- A A+
Л.Гантөмөр: АН нэр дэвшигчдээсээ ямар нэгэн дэнчин авахгүй

Улс төрийн нам, эвслүүд энэ сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх юм. Энэ дагуу АН 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө иргэд, олон нийтээс санал авах “Бүтэн Ардчилал” бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэг улс орон даяар зохион байгуулж буй. АН-ын 1200 гаруй гишүүд, дэмжигч, намын удирдах албан тушаалтан, орон тооны бус зөвлөхүүд намын бодлогын цаашдын чиглэл хийгээд мөрийн хөтөлбөр, түүнд тусгах санал санаачилгын талаар Соёлын төв өргөөнд хэлэлцэсэн юм. АН-ын дарга Л.Гантөмөрийн хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгнээс онцлох байр сууриудыг нь хүргэе.

Коммунистууд сүүлийн 30 жилийг онилж ярих боллоо. Тэднийхээр сүүлийн 30 жилд хот байгуулагдсан нь, монголчууд 60 сая малтай болсон нь, 100 гаруй мянган залуус гадны улс руу явж суралцсан нь буруу гэнэ. Сүүлийн 30 жилд иргэд сая гаруй машинтай болсныг, 400-500 өрх орон сууцанд орсныг, 250 мянган залуус ипотекийн зээлд хамрагдсаныг үгүйсгэж байна. Ардчиллыг үгүйсгэж байна. Ардчилсан нам Монголд ардчиллыг, үг хэлэх эрх чөлөөг, эд хөрөнгөтэй байх боломжийг авчирсан нь үнэн. Гэтэл болохгүй байгаа зүйлсийг болгохын төлөө зүтгэсэн нэгнийг ялладаг, буруутгадаг, дардаг, хооронд нь хагаралдуулах болсон.

Орон сууц, зам харгуй, цахилгаантай болох, хүүхдийн мөнгө олгох санаачилгыг бид гаргаж байсан. 2012 онд хамтарсан Засгийн газар байгуулсан хугацаанд ямар азаар бид аймгуудыг засмал замаар холбож, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд олон уулзваруудыг хийж, зуслан руу авто зам тавьж, Налайх, нисэх рүү зам тавьсан юм бэ. Э.Бат-Үүл С.Баттулга дарга нарт баяр хүргэх ёстой. Гэтэл нөгөө талд Засаг юу хийв. Жил бүр нэг тэрбум ам.долларын өрийг бидэнд үлдээж байна. Захын нэг ажилтных нь шүүгээнээс долоон тэрбум төгрөг олддог, өгч байгаа ял нь 40 саяын торгууль байна.

МАН найман жил засагласан ч, мөрийн хөтөлбөрийнхөө 90 хувийг биелүүлж чадаагүй. Иргэд төрд итгэхээ больсон. Ардчилсан нам цаашдаа том зорилгын төлөө эвлэлдэн нэгдэж, сахилга бат, хариуцлагатай байж чадвал ялна.

Бид “Бүтэн Ардчилал 2024” үндэсний хэлэлцүүлгээрээ өнөөгийн нийгмийн нөхцөл байдлыг бүтнээр нь дүгнэхийг зорьж байна. Нам дагасан хэсэг хүмүүс нь хожоод, жирийн ард иргэд нь хохироод үлддэг байдлыг засаж залруулахын тулд Ардчилсан намын мөрийн хөтөлбөр эдийн засаг, бизнесийн орчныг цэвэрлэхэд чиглэсэн. Гишүүд хэд хэдэн санаа, санаачилгыг дуу нэгтэйгээр хэлж байна. Нэгдүгээрт, бизнесийн орчныг сайжруулахын тулд үргүй зардлыг танаж, төсвийг хумих шаардлага тулгарчихлаа гэж байна. Одоогийн Засгийн газар төсвийг хэт тэлсний улмаас бизнесийн орчин жижгэрч байна. Хоёрдугаарт, хариуцлага, сахилга батыг сайжруулах ёстой гэсэн санал хэллээ. Гуравдугаарт, боловсролын реформ хийх эрэлт хаалга тогшиж буйг онцолж байна. Дөрөвдүгээрт, авлига. Авлигыг бүрэн зогсоох хууль эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй гэж дуу нэгтэй хэлцгээж байгаа. Тавдугаарт, Монголын эрчим хүчний асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн санал хэлж байна. гэсэн саналуудыг хэлж байна” хэмээлээ

“Ардчилсан намын улс төрийн зөвлөлөөс УИХ-ын сонгуульд иргэдийнхээ итгэлийг хүлээсэн, хэрэг түвэгт холбогдоогүй, нэр цэвэр гишүүдээ дэвшүүлэх бодлого барьж байгаа. Жагсаалтын хувьд олон нийтийн төлөөллийг ямар нэг байдлаар оруулж ирнэ. Тавдугаар сарын 14-20-ны хооронд зургаахан хоногийн хугацаанд нэр дэвшигчдийг яаж ард түмнээсээ асуух вэ гэдэгт техникийн шийдлийн асуудал гарч ирж байгаа. Өнөөдөр санал асуувал хууль зөрчинө. Тиймээс тавдугаар сарын 14-нөөс санал асуулга явуулна. Түүнд иргэд идэвхтэй саналаа өгөөрэй. Ардчилсан нам ямар нэг байдлаар нэр дэвшигчээсээ дэнчин авахгүй. Бид бага мөнгөөр амжилтад хүрнэ. Эмэгтэйчүүдийн квотоо 30 хувьдаа барина. Ялж чадах эмэгтэйчүүд байвал 40 хувьд ч хүргэхэд бэлэн