Соёлын сайд Ч.Номин, Ч.Хүрэлбаатар нарт холбогдох гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад шалгагдаж байна

A- A A+
Соёлын сайд Ч.Номин, Ч.Хүрэлбаатар нарт холбогдох гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад шалгагдаж байна

Цагдаагийн байгууллагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр сонгуулийн тухай хуулийг зөрчсөн зөрчлийн талаарх мэдээллийг танилцуулав.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Он гарснаас хойш сонгуулийн хуулийг зөрчих зөрчилтэй холбогдуулан тавдугаар сарын 29-н буюу өнөөдрийн байдлаар дүн шинжилгээ хийж үзэхэд нийт 56 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Үүнээс зөрчлийн шинжтэй 35, гэмт хэргийн шинжтэй 21 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж байна" гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр "Сэтгүүлчдийн асуусан сайд Ч.Номин, Ч.Хүрэлбаатар нартай холбоотой гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Шалгагдаж байгаа.

Аливаа гэмт хэрэг зөрчлийг шалгах хуулийн хугацаатай. Прокурорын байгууллага хяналт тавьдаг. Хуулийн хугацаанд шалгаж, гомдлын шийдвэр гарна. Цагдаагийн байгууллага хууль тогтоомж зөрчсөн үгүйг шалгана. Тогтоогдсон нөхцөл байдлыг эрх бүхий байгууллагад албан бичгээр хүргүүлнэ. Зөрчилтэй нэр дэвшигчийг бүртгэх эсэх нь Сонгуулийн Ерөнхий Хорооны шийдэх асуудал.

Нэр дэвшигч, намын гишүүн шалгагдаж байгаа гэж тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Тухайлсан гомдлууд шалгагдаж байгаа" гэж хариуллаа.

Сонгуультай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас тодорхой чиглэлээр ажлын хэсгүүд байгуулагджээ. Гүтгэх гэмт хэрэг үйлдэгдсэн бол хэрхэн шалгах болон хуурамч цахим хаяг илэрвэл яаж шийдвэрлэхийг урьдчилан тооцоолж, ажлын хэсэг байгуулагдсан болохыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр хэллээ.

Төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийг Тагнуулын байгууллага бусад хэргийг Цагдаагийн байгууллага шалгадаг байна.