Сонгуулийн саналын хуудсыг хэрхэн бөглөх вэ?

A- A A+
Сонгуулийн саналын хуудсыг хэрхэн бөглөх вэ?

Энэ удаагийн сонгуулиар бид холимог тогтолцоогоор 126 гишүүнийг сонгоно. Ингэхдээ 2 тусдаа саналын хуудсыг ашиглах юм.

1. Нэр дэвшигчдийг сонгох хэсэг 

Эхний саналын хуудас дээр танай тойрогт нам, эвслээс нэр дэвшигчид болон бие даан нэр дэвшигчдийн нэрс байрлана. Та эдгээр нэрсээс өөрийн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг сонгох ёстой. Жишээлбэл, Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн мандатын тоо нь 6 тул 6 хүнийг л сонгоно. Илүү эсвэл дутуу санал тэмдэглэвэл тухайн саналын хуудас нь хүчингүй болохыг анхаараарай. 

2. Нам, эвслийг сонгох хэсэг 

Харин 2 дахь саналын хуудас дээр улсын хэмжээнд дэвшиж буй нам, эвслийн нэрс байрлана. Эндээс сонгогч бид зөвхөн 1 нам эсвэл эвслийг дэмжиж саналаа өгөх бөгөөд илүүг тэмдэглэвэл саналын хуудас хүчингүй болох юм байна.

Анхаараарай! 

Түүнчлэн та дээрх 2 саналын хуудасны зөвхөн аль 1 дээр нь тэмдэглэгээ хийх, эсвэл хоосон саналын хуудас өгөх боломжтой. Гэхдээ та саналын хуудас дээр тэмдэглэгээ хийхгүй бол танаас бусад хүний өгсөн саналаар сонгуулийн үр дүн шийдэгдэнэ гэдгийг анхаараарай. 

Эцэст нь… Та саналын хуудаст саналаа тэмдэглэсний дараа төхөөрөмжид уншуулахаас өмнө зориулалтын хавтсыг заавал хэрэглээрэй. Энэхүү хавтас нь таны саналын нууцлалыг хангаж, бусдад харагдахаас сэргийлэх юм шүү.