МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр цоо шинэ 30 жилийн түүх эхэлж байна

A- A A+
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр цоо шинэ 30 жилийн түүх эхэлж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024.06.28/ УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд саналаа өглөө.

Тэрбээр "Бид хамтдаа 1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш ес дэх удаагийн УИХ-ын сонгуулиа өгч байна. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн зүйлээрээ онцлог. Нэгдүгээрт, бид анх удаа 76 УИХ-ын гишүүнтэй, нутаг дэвсгэрийн нэгжид тулгуурласан төлөөлөлтэй УИХ-ыг түүх болгон жаазлан үлдээж байна. Салбар, салбарын дуу хоолой бүхий 126 гишүүнтэй Монгол Улсын түүхэн анхны парламентыг энэ удаагийн сонгуулиараа бүрдүүлж байна. Энэ агуулгаараа сонгуулийн ирц урьд урьдынхаасаа өндөр байна гэж ажиглагдлаа.

Яагаад гэвэл хилийн чанд дахь монголчуудын төлөөлөл жагсаалтаар нэр дэвшиж орж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл тойргоос сонгогдож чадалгүй 34 жил болсон.

Энэ удаа анхны төлөөлөл УИХ-д сонгогдох боломж бүрдэж байна. Хувийн хэвшил, шинжлэх ухаан, үйлдвэрчний төлөөлөл парламентад жагсаалтаар нэр дэвшиж байна. Нийгэм маш их идэвхжиж байна. Үлдэж байгаа цаг хугацаанд залуус, ахмад настнууд, иргэд сонгогчид саналаа өгөхийг уриалж байна. Ардчилал гэдэг бол ард түмэн төлөөллөө сонгох сонголт. Ирц өндөр байх тусам олон улсын ардчиллын индекс ахиж байдаг. Бүгдээрээ ардчилсан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Би сая 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээр 30 гаруй уулзалт хийлээ. Бүгдээрээ өнгөрсөн 30 жилийн нийгмийг дүгнэж байна. Ардчилсан хувьсгал болж, С.Зориг ардчилсан хувьсгалын талаар "Эх орны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Дараа нь улс төрийн намын, хувийн эрх ашиг байна" гэж хэлж байсан. Энэ эрх ашгийн эрэмбэ алдагдвал ардчилал, парламентад итгэх итгэл суларч, төр иргэн хоёр хоорондоо үл ойлголцоно гэдэг агуулгатай зүйлийг ярьж байсан.

Харамсалтай нь С.Зориг амиа алдсанаар энэ бүх эрэмбэ, эрх ашиг эсэргээрээ явсан. Хувийн эрх ашгийн төлөө улс төрийн намыг ашигладаг болсон. Нам дамнасан бүлэглэл үүсч, стратегийн ордуудыг нь орд биш гэж авсан. Төрийн мөнгөөр хувьдаа "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг авах гээд олон эрх зүйт төрд байж боломгүй зүйл болсон. Сүхбаатарын талбайгаа дундуур нь хувааж худалдсан, С.Зоригийн хөшөөг худалдсан, ногоон байгууламжууд устсан гээд аль ч ардчилсан нийгэмд нийтийн эзэмшлийн талбай руу халдаж байсан тохиолдол байхгүй. Хэм хэмжээ зөрчигдөж, улсын эрх ашигт хортой туссан. Энэ удаагийн сонгууль 30 жилийн хугацаанд явсан дүгнэлт байгаасай. Төр, иргэн хоёрын итгэл найдварын хамтын ажиллагааны сэргэлт байгаасай. Хамтдаа хотоо янзалж, бүсчлэн хөгжиж, ногоон байгууламжуудаа сэргээх, шинжлэх ухааныг дээдлэх, инженерүүдээ дээдлэх гээд зөвхөн улстөрчид бүгдийг тодорхойлох бус парламент ардчиллын дуу хоолой байгаасай билээ.

Өнөөдөр цоо шинэ 30 жилийн түүх эхэлж байна. Төлөөлөл бүхий парламент хэрхэн ажиллахыг, улс төрийн намууд хэрхэн бодлогын мэтгэлцээнд тулгуурлахыг хамтдаа харъя.

Энэ сонгуулиар улс төрийн намуудтай 2-3 удаа гурван бодлогоор мэтгэлцэх санаачлагыг гаргасан. Харамсалтай нь МҮОНРТ-д бусад намуудад тэгш байх ёстой гэдэг хуулийн хүрээнд мэтгэлцээнийг зохион байгуулж чадсангүй. Бүх намын төлөөлөл мэтгэлцэнэ гэхээр хэлэлцүүлэг болчих гээд байсан. Уг нь цаашдаа парламентад суудал авсан улс төрийн намын дарга нар гадаад, эдийн засаг, засаглалын бодлогоор мэтгэлцдэг байвал илүү мэдээлэл өгөх боломж байлаа. Хөдөө орон нутаг бүсчлэгдэж байна. Зөвхөн өөрийнхөө аймгийг ярихаа больсон байна. Аймаг хоорондоо давуу талаа ярьж, дэд бүтцээ холбох тухай ярьж байна. Бүх гишүүд таван минутаар үг хэлдэг дэг өөрчилнө. Улс төрийн намууд өөрийн үзэл санаан дээр очно. Жишээлбэл, либериал нам нь либериаль үзэл санаагаа ярина. Тэрнээс биш либериаль нам нь бэлэн мөнгө тараагаад явахгүй. Улс төрийн намын шинэ төлөвшил эхэлж байна. Бусад сонгуулийг бодвол зурагт хуудас багатай сонгууль болж байна. Иргэд хэрсүүжиж, ардчиллын хоёр дахь давалгаа эхэлж байна гэдэгт найдан, ардчилсан Монгол Улсын хувьд сонгуульдаа саналаа өглөө гэдгийг онцолсон юм.