МАН: АН-ынхны хууль зөрчсөн асуудал, мөнгө тараалт хэрээс хэтэрлээ

A- A A+
МАН: АН-ынхны хууль зөрчсөн асуудал, мөнгө тараалт хэрээс хэтэрлээ

МАН-аас өнөөдөр /2024.06.28/ сонгуулийн хууль зөрчсөн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва:

-Монгол төрийн сонгуулийн санал хураалт эхлээд 7 цаг болж байна. 14.00 цагийн байдлаар саналаа өгсөн сонгогчдын ирц 37 хувьд хүрсэн нь сонгогчид төрөө дээдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа сайн дүр зураг ажиглагдаж байна. Харамсалтай нь, Ардчилсан намын зүгээс хууль зөрчсөн үйлдэл гаргасан нь нотлогдож байгаа учраас мэдээлэл өгч байна.

Тухайлбал, зарим тойргуудад мөрийн хөтөлбөртөө ороогүй худал амлалтыг гар утсанд нь мессежээр иргэдэд өгч төөрөгдүүлж байгаа тохиолдол гарч, батлагдаад байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Төгрөг,  Тарагт суманд оюутнуудыг тэтгэлэгт хамруулна гэж худлаа амласан хууль зөрчсөн үйлдэл боллоо.

Ардчилсан намынхны мөнгө тараалт бүх тойрог дээр хэрээс хэтэрлээ. Булган аймгийн Ардчилсан намын хорооныхон иргэдийн хувийн мэдээлэл регистрийн дугаарыг нь тулгаж мөнгө тараасан нь үйлдэл дээрээ баригдаж баталгаажлаа.

Өвөрхангай аймгийн зах дээр Ардчилсан намынхан 150 мянган төгрөг тарааж байгаад үйлдэл дээрээ нотлогдлоо. Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Мөнгөнхуяг нь өөрийн нэрийн хуудсыг мөнгөтэй хамт гялгар уутанд хийж, өчигдөр зах худалдааны төвүүдээр үйлчлүүлж буй иргэдэд хүчээр тарааж байгаад баригдлаа.

2024 оны зургадугаар сарын 26-ний орой Арвайхээр сумын наймдугаар багт байрлах айлуудад “Аав ээждээ өгөөрэй” гэж дугтуйтай 300 мянган төгрөг тараасан хууль бус зөрчил илэрлээ. Иргэдийг дарамт шахалтанд оруулж, сонголтод нөлөөлж байгаа үйлдлийг Ардчилсан намын зүгээс гаргаж байна. Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зааварчилгаа өгөх нэрээр Ардчилсан намынхныг сонгоорой гэж сонголтод нь нөлөөлж байна.

Хүн зөөх үйлдлийг маш их гаргаж байна. Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүрэг, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймагт иргэдийг бөөнөөр нь дугааргүй машинаар зөөж багцлан саналыг нь өгүүлж байгаа байдал ажиглагдлаа. Эдгээр зөрчлийг холбогдох байгууллагад хандан шалгуулж байгаа гэдгийг мэдэгдье. Монгол төрийн сонгуульдаа шударга оролцохыг уриалж байна гэлээ.