МАН-аас УИХ-ын 2024 оны сонгуультай холбоотой асуудлаар өнөөдөр /2024.06.28/ 20:00 цагт ээлжит мэдээллээ хийлээ.
МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва:
– УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Ардчилсан намынхан иргэдэд бэлэн мөнгө тараасан тухай хууль бус үйлдлийг Цагдаагийн байгууллага таслан зогсоосон талаар мэдээлэл, бичлэг олон нийтийн цахим сүлжээгээр ил болоод байна. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог, Булган, Хөвсгөл, Орхон аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Г.Мөнгөнхуяг нь нэрийн хуудсаа 20,000 төгрөгийн хамт иргэдэд тараасан тухай баримт ирсэн. Мөн УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р багийн айлын гэрт 2024 оны зургадугаар сарын 26-ны орой "Ээж аавдаа өгөөрэй, АН-ыг дэмжээрэй" гээд дугтуйнд хийсэн 300,000 төгрөг өгсөн,
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт 5000-тын дэвсгэртээр бэлдсэн дугтуйтай 300,000 төгрөгийг хүлээлгэн өгч, гэрчийн мэдүүлэг өгсөн талаар мэдээлэл ирсэн.
Түүнчлэн УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог, Баянхонгор аймгийн 10-р багт "Д.Ганбат гишүүнийг дэмжээрэй” гээд 100,000 төгрөг өгсөн. Мөнгө өгсөн хүн нь УИХ-ын гишүүний туслах байсан байж болзошгүй бөгөөд энэ асуудлаар гомдол гарган ажиллаж байна. Үүнээс гадна худал амлалтын шинжтэй үйдлүүдийг илрүүлээд байна. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог, Өвөрхангай аймгийн Төгрөг, Тарагт сумын нийт хоёр оюутныг "1000 оюутан" гэх тэтгэлэгт хамруулна гэсэн зар мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр нийтэд ил болсон. Тодруулбал, Төгрөг сумын хоёр оюутныг Д.Ганбат гишүүний жил бүр олгодог "1000 оюутан" тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна. 80148586 утсаар болон чатаар холбогдож мэдээлэл аваарай. Ирэх намраас хамрагдах тул эртнээс холбогдож мэдээлэл аваарай гэх зар байршуулжээ.
Мөн дарамт шахалтын шинжтэй олон үйлдэл илэрсэн. УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог, Сонгинохайрхан дүүрэг, Ардчилсан намын ажиглагч нар "Өөдөөс чинь хараад сууж байна, Ардчилсан намд өг. Ажиглагч хйж байгаа ярих боломжгүй” гэж "99789846" дугаарын утаснаас сонгогчийн гар утсанд мессеж явуулж дарамталсан.
УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын гишүүн саналын хуудасны зургийг авч, олон нийтэд түгээж хууль зөрчсөн зэрэг үйлдлүүд хийсэн гэв.