Д.Эрдэнэбат: Татварын хууль төрийн байгууллагыг шүүхээс дээгүүр эрхтэй байх нөхцөл рүү оруулж байна

A- A A+
Д.Эрдэнэбат: Татварын хууль төрийн байгууллагыг шүүхээс дээгүүр эрхтэй байх нөхцөл рүү оруулж байна

Татварын багц хуулийн эхний хэлэлцүүлгийг чуулганаар хийх үеэр АН-ын бүлэг завсарлага авсан юм. Тус бүлгээс гурав хоногийн завсарлага хүссэн ч спикер Г.Занданшатар тэдэнд гурван цаг өгөв.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат татварын багц хуульд Үндсэн хуультай зөрчилдөж мэдэх заалт байгаа тул завсарлага авах саналаа хэлсэн юм. Тэрбээр “Хуулийн төслийн 70.1-т бусдын хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр өр барагдуулах нэрийн дор хураах, дуудлага худалдаанд оруулах, татвар төлөгчдийн барьцааны зүйлсээс татварын өр барагдуулах, мөн батлан даагчаас өр барагдуулах зэрэг Үндсэн хуульд харшилсан зүйл заалт орсон байна.

Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн 16.6.3 дахь заалтыг зөрчсөн байна. Мөн хуулийн 15 дахь зүйлд татварын хяналтыг хэрэгжүүлэх үүднээс онцгой бүрэн эрхтэй байх тухай хэд хэдэн заалтаар хуульчилж байгаа нь шүүхээс дээгүүр эрхтэй төрийн байгууллага буй болох гэж байгаа буруу жишиг рүү халтиран орох нөхцөлийг үүсгэсэн байна.

Төслийн 70.3-т татварын алба битүүмжилсэн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа тухайн хөрөнгийн анхны үнийг тогтооно гэж оруулж ирсэн байна. Татварын байгууллага эд хөрөнгийн үнэлгээг тогтоодог байгууллага байж болохгүй.

Шүүхийн шийдвэргүйгээр хураан авсан хөрөнгөө дур мэдэн зарцуулж, өр барагдуулдаг байхыг буруу гэж бид үзэж байгаа. Ажлын хэсэг эдгээр асуудлыг эргэн харах зайлшгүй шаардлагатай” гэсэн юм.  

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ