КАПИТАЛ БАНКИНД БАЙРШУУЛСАН НДС-ИЙН 101 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ МОНГОЛБАНК БАРАГДУУЛНА

A- A A+
КАПИТАЛ БАНКИНД БАЙРШУУЛСАН НДС-ИЙН 101 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ МОНГОЛБАНК БАРАГДУУЛНА

Монголбанкнаас өчигдөр "Капитал" банкийг татан буулган шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор тус банкинд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө байршиж байсан эсэх талаар ХНХ-ын сайд С.Чинзоригоос тодрууллаа. 

-Капитал банк татан буугдлаа. Тус банкинд Нийгмийн даатгалын сангийн мөнгө байршиж байсан гэх мэдээлэл байгаа. Үүнийг хэрхэн зохицуулах вэ? 

-2009 оноос эхлэн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг "Капитал" банкинд байршуулж байсан. 2009 оноос эхлэн байршуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэж 280 тэрбум төгрөгт хүрсэн. Би ХНХ-ын сайдаар томилогдсоноос хойш Капитал банкинд байршуулсан хөрөнгийг нэлээд багасгасан. Үүнээс Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл 101 тэрбум төгрөг үлдсэн. Капитал банкны эрхийг хүлээж авч байгаа Монголбанкинд хандаж, графикийн дагуу хөрөнгийг барагдуулна.

-Тэгэхээр Монголбанк төлж барагдуулна гэсэн үг үү?

-Монголбанк төлбөрийг барагдуулах дараалал тогтооно. Эхний ээлжинд иргэдийн хадгаламжийн мөнгийг барагдуулна. Хоёрдугаарт, Нийгийн даатгалын сангийн хөрөнгийг барагдуулах график гаргах байх. Манай яам, Монгол банктай хамтраад сангийн байршуулсан 101 тэрбум төгрөгийг ямар хугацаанд ямар хуваариар эргэн барагдуулах вэ гэдгийг Монголбанк хуваарь тогтоох байх. 

-Сангуудад эрсдэл үүсэх үү? 

-Сангуудад эрсдэл үүсэхгүй. Намайг сайдаар томилогдоход жижиг арилжааны банкуудад нэлээд хөрөнгө төвлөрүүлсний дийлэнх нь Капитал банкинд байршсан байсан. Би сайдаар томилогдсоноос хойш томоохон ХААН, Төрийн банкинд сангийн хөрөнгийг байршуулсан учир бусад сангийн хөрөнгөд эрсдэл гарахгүй гэж бодож байна.