Хүлэмжийн аж, ахуйн 90 хувийг Таньжинь фүүдс компанид өгөх зөвшөөрлийг Хотын дарга С.Амарсайхан баталжээ

A- A A+
Хүлэмжийн аж, ахуйн 90 хувийг Таньжинь фүүдс компанид өгөх зөвшөөрлийг Хотын дарга С.Амарсайхан баталжээ

Монгол улсын 50 га газарт хүлэмжийн аж, ахуй эрхлэх зөвшөөрлийг БНХАУ-ын төрийн өмчит Тяньжинь фүүдс компанид олгох асуудлыг өнгөрсөн сарын 27-ны өдрийн /2019.03.27/ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд дэмжээгүй.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх О.Бат-Найрамдалаар ахлуулсан ажлын хэсгээс НИТХ-д чиглэл өгсний дагуу Хотын дарга С.Амарсайхан өөрийн нэр дээр тус асуудлыг оруулж хэлэлцүүлсэн ч дэмжлэг аваагүй юм.

Дэмжигдээгүй уг асуудлыг Хотын удирдлагууд НУУЦААР хэлэлцээд баталсан байна. Тодруулбал, Хотын дарга С.Амарсайхан тус өдөртөө шийдвэр гаргаж хуучин байгуулагдсан байсан төрийн өмчит компанийн нэр дээр Хятадын Таняжин фүүдс компанитай гэрээ байгуулах зохицуулалтыг хийжээ. Өөрөөр хэлбэл, шинэ компани байгуулж НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж зөвшөөрөл авна гэж зовохгүйгээр хуучин компаниар дамжуулж Таньжин фүүдс компанийг оруулж ирэх юм.

Нийслэлээс 50 га газраа 1.5 тэрбум төгрөгөөр үнэлэн Таньжинь фүүдс компанид олгох юм. Харин Таньжинь фүүдс компани энэхүү 50 га газарт 40 тэрбум төгрөгийн хөрөнгөоруулалт хийж хүлэмж байгуулна.

БНХАУ-ын 96.4 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдах энэхүү хүлэмжид хятадууд орчин үеийн технологиор хүнсний ногоо тариалан, нийслэлийн хүн амыг хангах, улмаар гадаад зах зээлд нийлүүлэх зорилготой бөгөөд тус компани хүлэмжийнхээ ажилд монгол ажилчид авна гэдгээ ч илэрхийлж байгаа.

Монгол улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Улаанбаатар, Таньжин хот хооронд 10 ажил хийхээр төлөвлөсний нэг нь энэ бөгөөд бусад есөн ажил нь юу болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

-50 ГА ГАЗАР МОНГОЛ УЛСЫН НИЙТ ХҮЛЭМЖИЙН 90 ХУВЬТАЙ ТЭНЦЭНЭ-

Хүлэмжийн ажлыг аль эртнээс хоёр улс хоорондоо харилцан ярилцаж байжээ.

50 га газар нь Монгол улсын нийт хүлэмжийн 90 хувьтай тэнцэнэ. Тэгэхээр хүлэмжийн аж, ахуйн 90 хувьд нь хятадууд үйл ажиллагаа явуулбал дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгч, аж, ахуй нэгжүүдийг татан унагах эрсдэлтэй учраас уг асуудал НИТХ-ын тэргүүлэгчдээр дэмжигдээгүй байна. Гэтэл Хотын дарга С.Амарсайхан өөрөө дур мэдэн Таньжин фүүдс компанийг Монголд оруулж ирэхийг зөвшөөрлийг баталсан байна. Таньжинь фүүдс компани манай улсад хүлэмжийн аж, ахуй эрхэлж улмаар бүтээгдэхүүнээ Монголд борлуулахаас гадна гадны зах зээлд зарах ажлыг хийж эхэлбэл манай дотоодын аж, ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учрахаас эхлээд үүд хаалгаа барихад хүргэнэ. Нөгөөтэйгүүр, нарийн ногооны үнэ ханшийг хятадууд тогтооно гэсэн үг. Тус компани эхний 1-2 жилд тарьсан ногоогоо маш хямтаад борлуулж манай жижиг аж, ахуй нэгжүүдийг татан унагах эрсдэлтэй байгаа юм. Харин үүний дараа Монголын зах зээлд зарагдах хүнсний ногооны зах зээлийг дангаараар тогтоож монополь үйл ажиллагаа явуулахаар байна. Ингэснээр бид цөөн жилийн дараа хүлэмжийн аж, ахуй, нарийн ногооны зах зээлээ хятадуудад алдаж байна гэж хэлэх хүмүүс байна.

Уг асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн нь ч, С.Амарсайхан өөрөө нууцаар дэмжсэн нь ч ноцтой асуудал.

Үүнийг хэн лоббидож Хотын даргыг нууцаар хүртэл дэмжихэд хүргэж өндөрт явуулав гэдэг нь анхаарал татаж байна. Олон нийтийн цахим сүлжээний зарим хэрэглэгчид “Увс хүнс” компани нь НИТХ-д Таньжинь фүүдс компанийн асуудлыг хэлэлцүүлэхээр давуу байдал бий болгосон байж магадгүй гэх хардлагатай байна.