Хакухо М.Даваажаргал Монголын иргэншлээс татгалзжээ

Хакухо М.Даваажаргал Монголын иргэншлээс татгалзжээ

Японы мэргэжлийн сумо бөхийн 41 дэх аварга М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ хүргүүлсэн гэх албан бус мэдээлэл гараад буй. Хуулийн дагуу Монголын иргэншлээс татгалзах хүсэлтээ гадаадад байгаа бол тухай улсад байгаа Элчин сайдын яамаар дамжуулдаг бол Монголд байгаа бол НЗДТГ-аар дамжуулж, Гадаадын иргэн харьяатын газарт хүргүүлдэг юм байна. Түүний дараа Ерөнхийлөгчид хүргүүлэх юм байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүний энэ хүсэлт Ерөнхийлөгчид ирээгүй байгаа ч албан ёсоор М.Даваажаргал иргэншлээс татгалзах хүсэлтээ өгсөн байна. Мөн тэрбээр энэ хүсэлтээ Япон улсад суугаа Монголын Элчин сайдын яамаар дамжуулан хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Бид энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ДАРГА Д.МӨРӨН:

-Одоогоор манайд тийм хүсэлт ирээгүй байна. Хуулийн дагуу манай байгууллагад хүсэлт ирсний дараа Ерөнхийлөгчид саналыг нь хүргүүлнэ гэсэн юм. Хэрэв гадаадад байгаа хүн хүсэлт гаргахаар бол тухайн улсдаа байгаа Элчин сайдын яамаар дамжуулан манайд ирнэ, Монголд байгаа бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газраар дамжиж манайд ирэх ёстой байдаг. Одоогоор манайд энэ хүсэлт албан ёсоор ирээгүй байна.

Японы мэргэжлийн сумогийн аварга М.Даваажаргал 34 настай бөгөөд Япон Улсын иргэнтэй гэр бүл болсон билээ. Японы эзэн хааны цомыг 42 дэх удаагаа хүртэж, дээд зиндаанд 1000 дахь ялалтаа байгуулсан түүнийг Япон улсын талаас өөрийн иргэнээ болгохоор удаа дараа "шахалт" үзүүлсэн гэх мэдээлэл ч гараад байгаа юм.