Баригдаж дуусаагүй хотхоныг техникийн комисс хүлээн авчээ

A- A A+
Баригдаж дуусаагүй хотхоныг техникийн комисс хүлээн авчээ

Баригдаж дуусаагүй хотхоныг улсын комисс хүлээн авсан тухай мэдээлэл байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Анд интернешнл" ХХК-ийн захиалгаар баригдаж буй нэр бүхий хотхон бүрэн гүйцэд баригдаж дуусаагүй байхад Техникийн улсын комисс хүлээн авчээ.

Түүнчлэн Хятад улсын иргэний нөлөөгөөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын нэр бүхий албан тушаалтан голлон зохион байгуулж актанд гарын үсэг зуруулсан байж болзошгүй аж. Уг хотхоны барилгын туслан гүйцэтгэгч иргэн, аж ахуй нэгжүүд ажлын хөлс мөнгөө авч чадахгүй байгаа асуудлыг Авилгатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байна.

Энэ талаар хотхоны хүмүүстэй холбогдож тодруулахад, борлуулалтын алба нь “Манай алба зөвхөн борлуулалт хариуцдаг. Энэ асуудлыг мэдэхгүй холбогдох дарга нараас асуу” гэх хариултыг өгсөн юм. Мөн тус албаныхан ямар дарга удирдлагууд мэдээлэл өгөхийг мэдэхгүй хэмээх хариултыг өгч нилээдгүй удав. Хэсэг хугацааны дараа тэдний холбож өгсөн дарга гэх эмэгтэйтэй холбогдоход “Тэрийг мэдэхгүй байна” гэснээс өөр хариулт өгсөнгүй.

Өмнө нь тус хотхоныг шөнийн цагаар барилгын үйл ажиллагаа явуулж ард, иргэд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэх гомдол мэдээлэл гарч байжээ. Үүний дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас торгуулийн арга хэмжээ авч, анхааруулж байсан тухай мэдээлэл байна.