Токио 2020 наадмын хуваарь гарлаа

A- A A+
Токио 2020 наадмын хуваарь гарлаа

Японы нийслэл Токио хотноо 2020 онд зохион байгуулагдах  32 дахь удаагийн зуны олимпийн наадмын 17 өдрийн дэлгэрэнгүй хуваарийг тус улсын Олимпийн хорооноос өчигдөр /2019.04.16/ олон нийтэд танилцуулжээ. 

Хуваарийн дагуу Токио 2020 олимпийн наадам нь  2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд спортын 33 төрлийн 339 тэмцээн уралдаан зохион байгуулагдах аж. Олимпын наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагаа орон нутгийн цагаар оройны 20-23 цагийн хооронд үргэлжилнэ. Олимпийн наадмын тэмцээн уралдаан эмэгтэйчүүдийн софтболын тэмцээнээр Фүкүшима мужид долдугаар сарын 22-нд өглөөний 9 цагт эхэлнэ. Энэ нь нээлтийн ёслолоос хоёр хоногийн өмнө гэсэн үг юм.

Токио 2020 наадмын үеэр Токио хотод хэт халалт болох төлөвтэй байгаа учир наймдугаар сарын 2-нд болох эмэгтэйчүүдийн марафон, 9-нд болох эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээний эхлэх цагийг өглөөний 6 цагт, наймдугаар сарын 8-нд болох эрэгтэйчүүдийн 50 километрийн спорт алхалтын тэмцээний цагийг өглөөний 5.30 цаг болгож урагшлуулжээ.

Харин олимпийн наадмын тасалбарын хувьд тавдугаар сараас дотооддоо борлуулж эхлэх бол олон улсад зургадугаар сараас эхлэн борлуулагдаж эхлэх юм байна. Тасалбарын үнэ 2020 иэнээс 300 мянган иений хооронд хэлбэлзэх бөгөөд нийт тасалбарын тэн хагас нь 8000 иэнээс багагүй байх гэнэ. Хамгийн их эрэлттэй байдаг олимпийн нээлтийн үйл ажиллагааны тасалбар 12000-300000 иений хооронд байх юм байна. Олимпийн наадмыг үзэхийг хүсч буй иргэд “https://id.tokyo2020.jp” хаягаар нэвтэрч бүртгүүлэх шаардлагатай.