Сүхбаатарын талбайн авто зогсоолын харуулын постыг буулгалаа

Сүхбаатарын талбайн авто зогсоолын харуулын постыг буулгалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “UB constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргасан. Шийдвэрийн дагуу нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай компанийн удирдлагуудад үйл ажиллагаагаа зогсоож, газрыг чөлөөлж өгөх хугацаатай шаардлага хүргүүлсэн юм. Гэвч заасан хугацаанд тус компанийнхан газраа чөлөөлөөгүй тул өчигдөр /2019.04.29/ нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун, Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга тэргүүтэй албаныхан тус компанийханд дахин шаардлагаа тавьж, үйл ажиллагааг нь зогсоож, албадан буулгахаа албан ёсоор мэдэгдсэн.

Өнөөдөр /2019.04.30/ тус компанийнхан төв талбайн урд талын авто зогсоолын харуулын постыг буулгалаа. Ингэснээр Сүхбаатарын талбайн урд хэсэг хууль дүрмийн дагуу иргэдийн, нийслэлийн өмчид шилжин ирж байгаа юм. Анх 2006 онд нийслэлээс уг газарт доороо зогсоолтой усан оргилуур барих төсөл сонгон шалгаруулалт зарлаж, “UB constraction” компани шалгарч байсан аж. Гэвч өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй тул Хотын захирагч С.Амарсайхан газар эзэмших эрхийг нь цуцлах шийдвэр гаргасан юм. Мөн “UB constraction” компани нь 2016 онд талбайн урд хэсгийг шинэчлэн авто машины зогсоол болгож, олсон орлогынхоо 30 хувийг нийслэлийн Авто замын санд төвлөрүүлэх гэрээг УБЗАА-тай хийсэн ч өнөөг хүртэл нэг ч төгрөг хотод төлөөгүй байна. Тиймээс хотын дарга тус компанийн гэрээг цуцалж, үйл ажиллагааг зогсоох үүргийг холбогдох албаныханд өгсөн юм.