Н.Учрал: Фэйсбүүкт зөвхөн утасны дугаараараа бүртгэл үүсгэдэг болно

A- A A+
Н.Учрал: Фэйсбүүкт зөвхөн утасны дугаараараа бүртгэл үүсгэдэг болно

УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.

-Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа. Уг хуулийн зохицуулалтаар фэйсбүүкт регистрээрээ нэвтэрдэг болох нь гэх ойлголт үүсээд байгаа. Ер нь яг ямар зохицуулалт орж байгаа юм бэ?

- Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд батлагдсаны дараа бид Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, Өгөгдөл хамгааллын тухай хууль Засгийн газраас өргөн баригдах гээд бэлтгэгдсэн. Эдгээрийг салбарын суурь хуулиуд гэж ойлгож болно. Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүмүүс сайн уншиж танилцах хэрэгтэй. Элдэв буруу мэдээллийг өөгшүүлэх шаардлагагүй болов уу. Регистрийн дугаараараа орно гэсэн зүйл байхгүй.

Хууль гарснаар “Mobile id” гэдэг зүйл анх удаа хэрэгжинэ. Хүмүүс гар утасны дугаараараа id-тай болно гэсэн үг. Олон нийтийн сүлжээнд орохдоо гар утасны дугаараараа бүртгүүлнэ. Одоо ч гэсэн гар утасны дугаар, и-мэйл хаягаараа фэйсбүүкт бүртгэл үүсгэдэг шүү дээ. Харин тэрхүү дугаар нь бүртгэлтэй л байх ёстой юм. Утасны дугаар авахыг хүсвэл хурууны хээ болон мэдээллээ заавал өгөх хэрэгтэй. Тэрхүү утасны дугаараараа л фэйсбүүкт бүртгүүлнэ гэсэн үг. 2016 онд 600 гаруй мянган бүртгэлгүй утасны дугаар байсан. Одоо тэр тоо багассан. 99 хүртэлх хувь нь бүртгэлжчихсэн. Гарч буй гол өөрчлөлт нь и-мэйл хаягаараа бүртгүүлэхээ л болих юм.

-Манай хууль эрх зүйн орчинд нийцүүлж фэйсбүүк компани нэвтрэх хэсэгтээ өөрчлөлт хийх үү?

-Бид дуртай зүйлээ хуульчилаад глобал компани түүнийг дагана гэж байхгүй. Ямартаа ч бид энэ өөрчлөлтийг сая ирсэн фэйсбүүкийн төлөөлөгчдөд уламжилсан. Хуулиа баталсныхаа дараа фэйсбүүк компанид мөн хандана. Хэрвээ манай эрх зүйн орчныг хүндэтгэх юм бол зөвхөн гар утасны дугаараараа фэйсбүүкт бүртгэл үүсгэдэг болно.

-Энэ өөрчлөлт орсноор нэр нүүрээ нууцалж бусдыг гүтгэн доромжилдог, худал мэдээлэл цацдаг байдлыг хянах боломж бүрдэнэ гэж ойлгож болох уу?

-Гар утасны дугаараараа бүртгэл үүсгэсэн ч энэ аккаунтын цаана хэн байгааг мэдэх боломж нь хязгаарлагдмал. Энэ хаягны цаана ямар хүн байна, тэрний мэдээллийг өгөөч гэж бид фэйсбүүк компанид хандлаа ч өгөхгүй. Тодорхой нууцлалтай шүү дээ. Тухайн фэйсбүүк хэрэглэгч хүн гүтгэн доромжилж, хэн нэгнийг гэмт хэрэгт уруу татсан гэх зэргээр хууль зөрчсөн үйлдэл гаргасан бол түүнтэй холбоотой гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж болно. Энэ тохиолдолд тэр нь хууль хяналтын байгууллагын асуудал болчихож байгаа юм. Харин хууль хяналтын байгууллагаас фэйсбүүк компанитай өөрсдөө харилцана. Түүнээс хэн нэгэн хүн фэйсбүүк компанид хандаад тэрний, энэний мэдээллийг өгөөч гээд авах боломж байхгүй. Энэ глобал компани хүний нууцыг маш сайн хадгалдаг. Харин бид фэйсбүүк компанийн төлөөлөгчидтэй яриад “Green channel” буюу “Ногоон суваг”-ийг үүсгэхээр болсон. Ингэснээр хуурамч мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн, шуурхай шийдвэрлэх боломж бүрдүүлж байгаа юм. Үүнийг Харилцаа холбооны зохицуулах хороо, Фэйсбүүк компанитай хамтарч ажиллуулах юм. Манай улсад энэ асуудлыг хариуцах төлөөлөл бий болно. Мөн манай “Ногоон суваг”-ийг удирдаж ажиллах монгол хүмүүсийг ажилд авна гэдгээ албан ёсоор хэлсэн.

Дээрээс нь хүмүүс төрийн байгууллага бүх мэдээллээ фэйсбүүкт өгөх гээд байна гэх зүйлийг ярьдаг. Үнэн хэрэг дээрээ та бүхэн өөрсдөө мэдээллээ өгчихсөн шүү дээ. Хүн болгон гар утасны дугаар, бусад мэдээллээ өгөөд аккаунтаа нээчихсэн. Иргэн бүр тэр компанитай өөрсдөө харилцдаг. Түүнээс төр албадаагүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

-Та өмнө нь Монгол Улсын төрийн мэдээллийн сервер, төрийн мэдээллийн сайтууд халдлагад өртсөн талаар хэлж байсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн юм бол?

-Монгол Улсын төрийн мэдээллийн сервер, төрийн мэдээллийн сайтууд халдлагад өртсөн талаарх мэдээлэл “Kaspersky Lab”, securelist.com, cyberscoop.com, pressreader.com сайтуудад гарсан. Эдгээр нь маш хариуцлагатай сайтууд л даа. “Kaspersky Lab” нь мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг, вирусээс хамгаалах программыг хийдэг компани юм. Бид ч гэсэн вирусээс хамгаалахын тулд албан ёсны лиценз бүхий программыг нь компьютертээ суулгаж мэдээллийн аюулгүй байдлаа хангадаг. “Kaspersky Lab” нь аль нэг улс мэдээллийн аюулгүй байдал халдлагад өртвөл хамгийн түрүүнд мэддэг. Тиймдээ ч тус компани 2017 онд “Танай улсын төрийн мэдээллийн сан халдлагад өртжээ. Энэ асуудалдаа анхаараач ээ” гэж албан ёсоор мэдэгдсэн юм билээ. Энэ талаарх нарийг мэдээллийг авахыг хүсвэл тодорхой хэмжээний төлбөр төлөх шаардлагатайг ч хэлжээ. Гэтэл тэр үед Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас энэ асуудлыг Засгийн газрын түвшинд авч хэлэлцэлгүйгээр шууд хариуг нь явуулчихсан байгаа юм. Үүний дараа “Kaspersky Lab”-аас Монгол Улсыг төрийн мэдээллээ алдсан болох талаар мэдээлчихсэн юм билээ. Ингэснээр мэдээллийн аюулгүй байдлын индекс 104-т ороод ирсэн. Энэ хэрээрээ гадны хөрөнгө оруулагчид эмээж эхэлсэн. Гадны хөрөнгө оруулагчид оюуны өмчийн хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдалд асар их анхаардаг.

-Тэгэхээр бид цаашид хэрхэн мэдээллийн аюулгүй байдлаа хангах вэ?

-Бид ч үүнд их анхаарч байгаа. Цахим мэдээллийн аюулгүй байдлын хуулиар Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үндэсний төвийг байгуулах юм. Тэнд мэргэжлийн залуусыг авч ажиллуулна. Хадгалалтыг нь Дата төв, хамгаалалтыг нь Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний төв нь хийдэг байхаар зохицуулах юм. Зөвхөн Монгол Улсын төрийн бүх байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагатай болох нь тун чухал. Дата төв дээрээ төрийн мэдээллийн сангаа хадгалахын сацуу иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулдаг ажлыг нь хийлгэдэг байя гэж байгаа юм. Дээрээс Дата төвд байгаа хувийн, гадны компанийн серверүүдийг бүгдийг нь гаргана. Энэ нь Төрийн ордонд гадны байгууллага орж ирээд оффис түрээслээд байгаатай адил юм шүү дээ. Дата төв орлого гэж жилдээ 200 гаруй сая төгрөгийг Засгийн газарт бүрдүүлж өгдөг. Тэр мөнгөө олохын тулд тэрхүү мэдээллийг байршуулдаг юм байна. Цаашдаа Дата төв төсөвт орлого бүрдүүлдэг байгууллага байхаа болино. Төрийн мэдээллээ хадгалдаг, иргэдийнхээ мэдээллийг авч байгаа учраас үйлчилгээ үзүүлдэг л байгууллага байх ёстой. Энэ ажлуудыг хамгийн эхэнд хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн Өгөгдөл хамгааллын тухай хуулийг гаргах гэж байна. Хууль зүйн орчнууд нь шинэчлэгдээд ирэхээр бид Засгийн газрын түвшинд энэ ажлуудыг зохион байгуулахад хялбар болно. Одоо хууль эрх зүйн орчин нь баталгаатай бус, шинэчлэгдээгүй учраас ийм асуудлууд гараад байгаа юм.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа байх. Ардчилсан намын зүгээс нэг хүчин дангаараа Үндсэн хууль батлах нь зохисгүй гэх байр суурийг илэрхийлж байгаа. Энэ тухайд?

-Үндсэн хуулийг дариу өөрчлөхгүй бол улс төрийн тогтворгүй байдал, шийдвэр нь гарчихаад хэрэгжихгүй байх, кабинетын зарчмаар хариуцлага хүлээдэггүй явдлууд дуусахгүй юм билээ. Тиймдээ Үндсэн хуулинд хурдан хугацаанд өөрчлөлт оруулах нь зөв. Үндсэн хуулиа баталчих юм бол үе үеийн парламентын үйл ажиллагааг тодорхой болгох давуу талтай юм. Ялангуяа парламтентыг томилгооноос холдуулах, Засгийн газрын төсөв мөнгөн дээр дураараа өөрчлөлт хийдэг байдал өөрчлөгдөнө. Өнөөдөр Засгийн газар нь парламентынхаа барьцаанд орчихсон байна. Ерөнхий сайд ямар бүрэлдэхүүнээр ажиллах гэж байгаа талаараа УИХ-д танилцуулахад болох хэлбэрээр бид явах ёстой. Хууль хяналтын байгууллагын томилгоог ч тэр улс төрөөс холдуулах ёстой. Ер нь бол эрх мэдлийг нь багасгаж хууль л баталдаг мэргэжлийн парламент болгосон цагт улс төрд оръё, УИХ-д сууя гэх хүмүүсийн тоо буурна, сонирхол нь багасна. Ингэж гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн хараат бус байх зарчмыг хэрэгжүүлэх ёстой. Мөн сум, орон нутаг дахь улстөржилтийг багасгах ажил нэн тулгамдаад байна. Төрийн тогтвортой байдлыг хангаж сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг байдлаа зогсоох нь ч зөв юм. Ийм өөрчлөлтүүдийг хийе гэж бодож байгаа. Одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө хийж байж энэ оны сүүлээр Сонгуулийн тухай хуулийг баталж гаргана. Сонгуулийн тухай хуулиа Үндсэн хуулиндаа нийцүүлж гаргаад 2020 оны сонгуульд оролцвол энэ тогтворгүй байдал арай л эмхэрнэ гэж ойлгож байна.

-Та ОУПХ-ны хуралд оролцсон. Тэдний С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор гаргаж буй санал, зөвлөмж сая байгуулагдсан Түр хорооны чиг үүрэгтэй нийцэж байна уу?

-ОУПХ-ны Хүний эрх, ардчиллын байнгын хорооны хуралд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь гишүүн бид гурав оролцсон. С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуултуудад тодорхой хариулт өгсөн. Манайд жилийн өмнө ОУПХ-ноос зөвлөмж ирсэн. Тэр зөвлөмжид “Эрүүдэн шүүсэн байж болзошгүй тул анхааралдаа ав, хурдан хугацаанд эрх зүйн орчиндоо өөрчлөлт хий” гэсэн. Хэрвээ сая ҮАБЗ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт хийгээгүй байсан бол Монгол Улс олон улсын тавцанд маш эвгүй байдалд орох байсан юм билээ. Хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргачихаад байхад Монгол Улс анхаарахгүй, парламент нь ямар нэгэн шийдвэр гаргахгүй нь ямар учиртай вэ гэх асуудал үүсэх байж. Бид дээрх хуулиудад өөрчлөлт оруулсан тухайгаа хэлсэн. Мөн тэр хүмүүсийг эрүүдэн шүүсэн болон мөрдөн байцаалтад оролцсон прокурорууд, хэргийг шийдсэн шүүгчид, энэ хэрэгт оролцсон хууль хяналтын байгууллагынхныг албан тушаалаас нь чөлөөлсөн талаар мэдээлсэн. “Монгол Улс тодорхой дэвшил гаргасанд баяртай байна. Хүнийг эрүүдэн шүүсэн байхад зүгээр сууж болохгүй” гэдгийг ОУПХ-ны Хүний эрх, ардчиллын байнгын хорооны дарга нь бидэнд хэлсэн.

Тухайн үед УИХ-ын даргын захирамжаар ОУПХ-ны зөвлөмжид хариу өгөх Ажлын хэсэг УИХ дээр байгуулагдаж байсан. Одоо Түр хороог байгуулж байна. УИХ-ын бүтцийн байгууллага байгуулчихлаа. Манай улс тухайн хүмүүсийг ажлаас нь чөлөөлөх хууль эрх зүйн орчинг нээчихлээ. Түр хороогоороо холбогдох мэдээллүүд дээр ажиллаад ОУПХ-ны зөвлөмжид албан ёсоор хариу өгнө. Ер нь бол тодорхой дэвшил гарлаа гэж ойлгож болох юм.

Эх сурвалж: Өдрийн сонин