Сураггүй алга болсон гэх ГУРВАН ОХИН эсэн мэнд олдож, Б.Ундармаа охиныг ХАЙСААР байна

A- A A+
Сураггүй алга болсон гэх ГУРВАН ОХИН эсэн мэнд олдож, Б.Ундармаа охиныг ХАЙСААР байна

-ЗУРГААН ЖИЛ СУРАГГҮЙ БАЙСАН ХҮҮ ГЭРТЭЭ ЭРГЭЭД ИРЭВ-

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 19:06 цагийн орчимд Хөвсгөл Рашаант сумын Ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангийн сурагч Баттөрийн Хулан сургуулийн дотуур байрнаас бие засахаар гараад сураггүй алга болсон байдаг. Харин охин тавдугаар сарын 2-ний эсэн мэнд олдсон. Сураггүй алга болсон гэх охин сурагчийн дотуур байрны ойролцоо буюу 11 км байдаг нэгэн айлд өөрөө очсон байсныг тогтоосон билээ.

Мөн одоогоос зургаан жилийн өмнө буюу 2013 онд 13 настай хүү гэрийнхээ ойр орчмоос гэнэтхэн сураггүй алга болж, ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллага бүтэн хоёр ажил эрэн хайгаад олдоогүй тэгэсхийгээд насжаад өнгөрч байсан билээ. Гэтэл дээрх хүү 2019 оны тавдугаар сарын 1-ний өдөр хөдөө айлд 19 настай болсон мал маллаж байгаа нь тогтоогдож, цагдаагийнхан очиж шалгахад алга болсон хүү мөн болохыг нь тогтоосон байна.

Түүнчлэн саяхан Сэлэнгэ аймгийн төвөөс алга болсон гэх 14,15 настай хоёр охин Дархан аймгийн төвөөс тавдугаар сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагынхан олж тогтоосон байна.

Энэ мэтчилэн алга болсон, сураггүй болсон, хүний наймааны золиос болсон, хүнд алуулсан гэх мэтчилэн хүүхэд тойрсон хар бараан мэдээнүүд ар араасаа хөвөрсөөр байна. Хүүхэд алга боллоо гэх мэдээллийн ард маш олон шалтгаан байдаг гэдгийг албаныхан мэдээлдэг. Тухайлбал, эцэг эхчүүд өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас болж хүүхэд төөрөх, эцэг эхчүүд хүүхдээ хэт их гэр бүлийн хүчирхийлэлд байлгаснаар хүүхэд гэрээсээ өөрөө дайжих, найз нөхөд, ойр дотны хүмүүсийндээ хэлэхгүйгээ очих зэрэг олон хүчин зүйл байдаг аж.

-ОДООГИЙН БАЙДЛААР СУРАГ НЬ ГАРААГҮЙ БАЙГАА Б.УНДАРМАА ОХИН ҮЛДЛЭЭ-

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт оршин суух хаягтай Б.Ундармаа охин гэрийнхээ гаднах тоглоомын талбайд тоглож байгаад ор сураггүй алга болсон билээ. Охиныг аймгийн хэмжээнд эрэн хайсаар байгаа бөгөөд иргэдээс охинтой холбоотой мэдээллийг таван сая төгрөгөөр үнэлж авахаа мэдэгдээд байгаа юм.

Харин тавдугаар сарын 1-ний өдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “11 настай охин хүчирхийлсэн этгээд цагдаагийн байгууллагын алба хаагчдад баригдаж улмаар 9 настай Б.Ундармаа охиныг хүчиндэж байхад нас барсан учраас ууланд булсан хэмээн мэдүүлсэн. Б.Ундармаа охины цогцос олдсон” хэмээн мэдээлсэн билээ. Дээрх мэдээлэл батлагдаагүй бөгөөд одоогийн байдлаар гэмт этгээдийн мэдүүлгийн баталгаажуулах үүднээс мэдүүлэгт дурьдагдсан уулыг самнах ажиллагаа явуулж байгаа аж.

Охины цогцос олдсон гэх мэдээллийг авсан Б.Ундармаа охиныг эрэн хайх эрлийн багийнхан болон ар гэрийнхэн маш хүн цохилт болсон гэх бөгөөд хайх ажиллагаанд саад учруулаад байгаагаа хэлж байв.

Мэдээллийн дараа эрлийн багийнхантай холбогдож үүсээд буй нөхцөл байдлын тухай мэдээлэл авах гэсэн боловч эрс татгалзсан хариу өгсөн юм. Зарим хэвлэл мэдээллээр худал мэдээлэл гарснаар үүний ард маш олон асуудал үүсээд байгаа бөгөөд охиноо “ирнэ” хэмээн хүлээн суугаа ар гэрийнхэн нь маш хэцүү байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Харин цагдаагийн байгууллагынхан улсын хэмжээнд Б.Ундармаа охиныг 24 цагийн турш өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээ эрэн хайж байгаа бөгөөд мэдээллийн хэрэгслүүдээр худал мэдээлэл цацагдаж байгаа нь эргээд ажиллагаанд саад учруулж байгаа тухай мэдээлсэн билээ.

Б.Ундармаа охины тухай гарсан дээрх мэдээлэл огт ор үндэслэлгүй бөгөөд эрэн хайх ажиллагаа тасралтгүй үргэлжилсээр байна.

Эх сурвалж: Мэдээ,мн